
Гуравдугаар сарын 9-ний байдлаарх албан ёсны болон орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр АНУ болон Израил Иранд хоёрдугаар сарын 28-нд довтолсноос хойш Ойрхи Дорнод даяар олон зуун хүн амь үрэгдээд байна. Персийн булангийн орнууд дахь АНУ-ын цэргийн баазууд, мөн Ливан зэрэг улс уг мөргөлдөөнд маш хурдан татагдан оржээ.
Иран
Иранд наад зах нь 1230 хүн амь үрэгдсэн байна. Үүнд, өмнөд нутгийн Минаб хотын бага сургуульд дайны эхний өдөр болсон пуужингийн цохилтоор 175 сурагч охин болон сургуулийн ажилтан амиа алдсан гэж буяны байгууллага болох Ираны Улаан Хавирган сар нийгэмлэгээс мэдээлжээ.
Мөрдөн шинжилгээний байгууллага болох Bellingcat-ийн мэдээлснээр шинээр ил болсон нэгэн бичлэг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын “дэлбэрэлтийг Иран өөрөө хийсэн” гэсэн мэдэгдэлтэй зөрчилдөж магадгүй гэжээ.
Хоёрдугаар сарын 28-ны хийгдсэн уг цохилт нь Ираны өмнөд хэсгийн Хормозган мужийн Минаб хотод болж Исламын Хувьсгалт Хамгаалах Цэргийн баазын хажууд байрлах сургууль оногдсон байна. Associated Press агентлагийн ярилцсан шинжээчид хиймэл дагуулын зурагт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бааз руу ээлж дараалан хаясан бөмбөгийн үеэр сургууль давхар оногдсон байх магадлалтай гэж үзжээ.
Мөн Ираны арми өнгөрсөн долоо хоногт АНУ-ын шумбагч онгоц Шри-Ланкийн эргийн ойролцоо Ираны нэгэн байлдааны хөлгийг живүүлсний улмаас дор хаяж 104 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Гэвч энэ тоо Улаан Хавирган Сар нийгэмлэгийн гаргасан нийт хохирлын тоонд багтаагүй байна.
Улс орнуудаар мэдээлсэн амь үрэгдэгсдийн тоо
3-р сарын 9-ний байдлаар:
Иранд 1230-аас доошгүй хүн амь үрэгджээ. Үүнд Минаб хотын сургуулийн довтолгоонд амиа алдсан 175 сурагч охид болон ажилтнууд багтсан.
Харин Израилийн 2 цэрэг өмнөд Ливанд амь үрэгдсэн бол 11 энгийн иргэн амиа алдсан. Тэдний 9 нь 3-р сарын 1-нд Ираны пуужин Бэйт Шэмэш хотод туссанаас болж нас баржээ. Уг мэдээллийг Израилийн түргэн тусламжийн байгууллага Маген Дэвид Адом өгсөн аж.
АНУ-ын хувьд Ираны эсрэг ажиллагаанд 7 америк цэргийн алба хаагч амь үрэгдсэн.
Ливан улсын хувьд Израилийн цохилтуудад дор хаяж 394 хүн, үүнээс 83 нь хүүхэд бол Саудын Арабын нийслэл Риадын зүүн өмнөд хэсгийн Ал Карж хотод 2 хүн пуужингийн хэлтэрхийн улмаас нас барсан байна.
Бахрейн Салманы аж үйлдвэрийн хотод пуужингийн довтолгоог саатуулах үеэр гарсан галын улмаас 1 хүн амиа алдаж, Кувейт Ираны довтолгоонд 1 хүүхэд нас барсан, мөн 2 Дотоод хэргийн яамны ажилтан, 2 цэрэг үүргээ гүйцэтгэх үедээ амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдэгдээд буй.
Оманы Мускат хотын эргийн ойролцоо MKD VYOM нэртэй танкерт сум туссаны улмаас 1 хүн нас барж, Нэгдсэн Арабын Эмиратын Батлан хамгаалах яамны мэдээлснээр 4 хүн амиа алдаж, Сирид 4 хүн Ираны пуужин Свейда хотын барилгад туссанаар нас баржээ.
Иракт дор хаяж 15 хүн амь үрэгдсэн бөгөөд Ираныг дэмждэг зэвсэгт бүлгүүдийн нэгдэл болох Ираны дэмжлэгтэй, Ирак дахь бүлэглэлүүдийн эвсэл болох Islamic Resistance in Iraq-ийн нэг командлагч 3-р сарын 5-нд агаараас хийсэн цохилтоор амиа алдсан гэж цагдаагийн эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.
Ингээд албан ёсны мэдээллүүдийг нийлүүлэн дүгнэвэл наад зах нь 1670 гаруй хүн амь үрэгдсэн байна. Хамгийн их хохирол Иранд бүртгэгджээ.