
АНУ, Канад, Мексикт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорч эхэллээ. Бразилын шигшээ баг Японыг 2:1-ээр хожиж цааш өрсөлдөх эрхээ авсан. Энэ тоглолтын дараа болсон хоёр тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдлээ.
Германы шигшээ баг Парагвайн шигшээ багтай тоглолтын үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Улмаар торгуулийн цохилтоор Парагвайн шигшээ баг 4:3-аар ялалт байгуулж, шөвгийн 16-д үлдлээ. Энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай багийн нэгээр нэрлэгдэж байсан дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг торгуулийн цохилтоор ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл энэ тоглолтын дараа мөн л Нидерланд, Мароккогийн тоглолт үндсэн цагт 1:1-ээр өндөрлөсөн. Торгуулийн цохилтоор ялагч тодроход 3:2-оор Мароккогийн шигшээ баг шөвгийн 16-д өрсөлдөх эрхийг авлаа.
Одоогоор 32 багаас шөвгийн 16-д Канад, Парагвай, Бразил, Мароккогийн шигшээ багууд шалгараад байна. Маргааш өглөө Франц-Швед, Кот д’Ивуар-Норвег болон Мексик-Эквадорын тоглолтууд болно.
