Грек улс орон даяар ой хээрийн таван том түймэр гарчээ. Тиймээс албаныхан Афин хотоос хойд зүгт 30 километрийн зайд орших бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Грекийн Уур амьсгалын өөрчлөлт, иргэний хамгааллын сайд Жаннис Кефалогианнис “Хүний амь нас эрсдэлд орж, эд хөрөнгө шатаж, ой модод сүйдсэн” гэж мэдэгджээ.

Ийнхүү гал түймрийн нөхцөл байдал нэн хүнд байгаа тул Грек улс Европын холбооноос тусламж хүсэхэд хүрчээ. Өдгөө шатаж буй модны үнэр, утаа Афины төв хүртэл тархжээ.

Үүнээс гадна хэт халалт үргэлжилж агаарын темпратур +44 хэм хүрч, цаашид ч үргэлжлэн халах төлөвтэй байна.