
ДЭМБ өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Төв Африкт гарсан Эболагийн дэгдэлтийг үүсгээд буй Бундибугио вирусийн эсрэг “хамгийн ирээдүйтэй” гэж үзэж буй вакцины тунгууд 6-9 сарын дараа л бэлэн болно гэдгийг дурджээ.
Одоогоор уг өвчний улмаас 139 хүн нас бараад байгаа бөгөөд сэжигтэй тохиолдлын тоо 600 хүрсэн байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гребрейсус Бүгд Найрамдах Конго улс болон Уганда дахь дэгдэлтийн талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр нас баралтын тоо цаашид өсөх төлөвтэй байгааг анхааруулжээ.
Албаныхны үзэж байгаагаар өвчин “хоёр сарын өмнөөс” тархаж эхэлсэн аж. Тавдугаар сарын эхээр болсон байж болзошгүй оршуулгын ёслолтой холбоотой “халдвар тараагч” үйл явдал тархалтыг эрчимжүүлсэн байж магадгүй аж.
100 мянга гаруй хүн зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвээд буй Итури муж дахь аюулгүй байдлын нөхцөл байдал халдварыг илрүүлэх ажлыг хүндрүүлж байгаа гэж Тедрос хэлжээ.
Эрүүл мэндийн ажилтнууд дүрвэж байгаа нөхцөлд эмнэлгүүд өвчтөн эмчлэх болон халдварт өвчний тандалт хийх боломжгүй болж байгааг тэр онцолсон байна.
Мөн бүс нутагт түгээмэл байдаг хумхаа болон хижиг зэрэг өвчний эхний шинж тэмдгүүд Эболатай төстэй байдаг нь оношлох ажлыг удаашруулж байгааг нэмж хэлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ДЭМБ-ыг “хэтэрхий оройтож” онц байдал зарласан гэж шүүмжилсэнтэй холбоотойгоор Тедрос “энэ нь магадгүй ойлголт дутсантай холбоотой” гэж мэдэгдсэн байна. “Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн зүйл нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон ДЭМБ, бусад байгууллагын үүргийн талаар ойлголт дутсантай холбоотой байж магадгүй. Бид улс орны ажлыг орлохгүй, зөвхөн дэмждэг” гэж Тедрос хэлжээ.
Трампын засаг захиргаа энэ оны эхээр АНУ-ыг ДЭМБ-аас гаргасан билээ.
ДЭМБ-ын судалгаа, хөгжлийн хөтөлбөрийг удирддаг Васий Мүүрти Бундибугио вирусийн эсрэг хамгийн ирээдүйтэй вакцин нь Заир төрлийн Эболагийн эсрэг вакцинуудтай ижил суурь технологи ашиглаж байгааг тайлбарлав. “Одоогоор клиник туршилтад ашиглах боломжтой тун байхгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр энэ нь 6-9 сарын хугацаа шаардах төлөвтэй” гэж Васий Мүүрти хэлжээ.
Харин Оксфордын Их сургуулийн бүтээсэн AstraZeneca-гийн Ковид19 вакцинд ашигласан платформ дээр суурилсан өөр нэг хувилбарын тунгууд 2-3 сарын дотор клиник туршилтад бэлэн болж магадгүй аж. Гэвч амьтны туршилтын үр дүн хараахан гараагүй байгаа тул “маш их тодорхойгүй байдалд” байгааг онцолсон байна.
Африкийн эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн баасан гарагт дэгдэлтийн талаар олон нийтэд мэдээлсэн бол ДЭМБ ням гарагийн өглөө эрт олон улсын хэмжээний нийтийн эрүүл мэндийн онц байдал зарласан юм.
“ДЭМБ энэ халдварыг үндэсний болон бүс нутгийн түвшинд өндөр эрсдэлтэй, харин дэлхийн түвшинд бага эрсдэлтэй гэж үнэлж байна” гэж Тедрос хэлжээ.
Лондоны Империал коллежийн загварчлалаар халдвар тархсан бүс нутагт Эболагийн тохиолдол аль хэдийн 1000-аас давсан байж магадгүй аж.
Албаныхан хэвлэлийн бага хурлын үеэр нислэгүүд байнга цуцлагдаж байгаа зэрэг асуудлууд Итури муж руу шинжилгээний хэрэгсэл болон бусад хангамж хүргэх ажлыг хүндрүүлж байгааг мэдэгджээ. “Одоо бидний хамгийн чухал зорилго бол халдварын бүх дамжих хэлхээг илрүүлэх явдал” гэж ДЭМБ-ын онцгой байдлын асуудал хариуцсан удирдагч Чиквэ Ихеквизу хэлсэн байна. “Ингэснээр бид дэгдэлтийн цар хүрээг бодитоор тодорхойлж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болно” хэмээн тайлбарласан байна.