
Норвегийн угсаа залгамжлах ханхүү Хааконы дагавар хүү хүчингийн хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, дөрвөн жилийн хорих ял сонслоо. Удаан хугацаанд үргэлжилсэн энэ шүүх хурал хааны гэр бүлийн нэр хүндэд дахин сэв суулгасан хэрэг болов.
Мариус Борг Хойби 2001 онд ээж Метте-Маритыг ханхүү Норвегийн угсаа залгамжлах ханхүү Хааконтой гэрлэсний дараа хааны гэр бүлийн нэг хэсэг болсон юм.
Ослогийн шүүхийн шийдвэрээр Хойби хоёр удаагийн хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсны нэг нь угсаа залгамжлах ханхүүгийн гэрийн хонгилд болсон хэрэг байжээ.
Гэхдээ түүнд холбогдсон өөр хоёр хүчингийн хэргийг цагаатгасан аж.
29 настай Хойби хамгийн хүнд ялтай холбоотой, тэр дундаа хүчингийн хэрэг үйлдсэн гэх буруутгалыг үгүйсгэж байсан ч зарим хөнгөн хэрэгт холбогдсон үйлдлүүдээ хүлээн зөвшөөрчээ.
Прокурорууд түүнд долоон жил долоон сарын хорих ял оноохыг хүсэж байжээ.
Энэхүү хэрэг шүүхээр хэлэлцэгдэх явцад Хойбигийн хар тамхины хамаарал, бэлгийн харилцааны үеэр хийсэн дүрс бичлэгүүд, мөн 800 гаруй цахим зурвас олон нийтэд ил болсон байна.
Ослогийн дүүргийн шүүхийн шүүгч Йон Свердруп Эфьестад шийдвэрээ уншихдаа угсаа залгамжлах ханхүүгийн гэрт болсон хүчингийн хэргийн талаар “Тэр эмэгтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан нь нотлогдсон гэж шүүх үзэж байна” гэжээ.
Хойби хорих ангиас дүрс холбоогоор шүүх хурлыг үзсэн байна.
Түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан эмэгтэйчүүдээс зөвхөн нэг нь шүүхийн шийдвэрийг сонсохоор танхимд ирсэн байна. Шүүгч Хойбиг түүнийг хүчиндсэн гэм буруутай гэж мэдэгдэхэд тэрээр уйлж, өмгөөлөгчийнхөө өгсөн салфеткаар нулимсаа арчжээ.
Хойбигийн үйлдэл Норвегийн хааны гэр бүлийн нэр хүнд, олон нийтийн дундах эерэг дүр төрхийг орвонгоор нь өөрчлөв.
Хоёрдугаар сарын 21-нд, шүүх хурал үргэлжилж байх үед нийтлэгдсэн санал асуулгаар Норвегид хаант засгийг дэмжигчдийн хувь өмнөх сарын 70 хувиас буурч, түүхэн доод түвшин болох 60 хувьд хүрсэн байна. Мөн өөр төрлийн засаглал хүсэгчдийн хувь 19-өөс 27 хувь болж өсжээ.
Харин тавдугаар сард хааны гэр бүлийн нэр хүнд бага зэрэг сэргэж, санал асуулгад оролцогчдын 64 хувь нь хаант засгийг дэмжиж, 23 хувь нь өөр засаглал хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Шүүхийн шийдвэр гарах үед Хойбигийн эх Метте-Марит уушгины фиброз өвчний улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай гэдгээ мэджээ.