
Баавгай хүний амь насанд халдсан асуудлаар БОУАӨЯ, НОБГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.
БОУАӨЯ-ны газрын дарга Н.Балжинням “Байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд нэвтэрч, хүний амь насанд халдсанд гүнээ харамсаж байна. Он гарсаар 11 аймаг, нийслэлд 754 баавгай давхардсан тоогоор үзэгдсэн гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Засгийн газрын тогтоолоор нэг тэрбум 88 сая төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээнд зарцуулахаар болсон. Үүнийг булчин сулруулах, унтуулах зориулалттай буу, тор болон орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн баавгай давтамжтай орж ирсэн газруудад анхааруулга, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар баавгай агнах зөвшөөрлийг найман аймагт өгсөн бөгөөд үүний дагуу зургаан баавгайг агнасан. Цаашид баавгай агнах ажлыг холбогдох албаныхантай хамтран хэрэгжүүлнэ. Мөн баавгай ямар хүчин зүйлээс үүдэн суурьшлын бүс рүү ойртож байгааг судалж байна.
Манай улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн тооллого хийж байсан. Иймээс энэ жил Биологийн хүрээлэнгийн ажилтнуудтай хамтран баавгайн тооллогыг эхлүүлээд байна. Мөн буу, унтуулгын эм, бодисыг хэрхэн ашиглах талаар төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.