
Тодорхой хурдтай явахад аялгуу эгшиглэдэг байдлаар инженерчлэгдсэн энэ зам нь аюулгүй байдлыг дэмжих зорилготой байжээ. Гэвч ердөө хэдхэн долоо хоногийн дотор завгүй бүсэд амьдардаг хүмүүсийн өдөр тутмын бухимдлын эх үүсвэр болжээ.
Энэтхэгийн анхны “хөгжимт зам”-ыг нээж, автомашин өнгөрөхөд алдартай аялгуу тоглогддог болсноос хойш хоёр долоо хоног ч болоогүй байхад орон нутгийн оршин суугчид аль хэдийн залхаж эхэлжээ.
Оршин суугчдын хэлснээр, Мумбай хотод байрлах энэхүү замын хэсэг нь автомашин тогтоосон хурдтай явах үед Оскарын шагналт Slumdog Millionaire киноны “Jai Ho” дууг эгшиглүүлэхээр хийгдсэн бөгөөд энэ нь тэдний өдөр тутмын амьдралын хэмнэлийг алдагдуулж байгаа аж.
Баруун Махараштра мужийн ерөнхий сайд Дэвэндра Фаднавис өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд нээсэн 500 метр урт энэхүү зам нь Энэтхэгийн хөгжимт авто замын анхны туршилт юм. Инженерүүд асфальтан гадаргуу дээр ховил гаргаснаар өнгөрөх автомашины үүсгэх чичиргээ аялгууг сэргээх байдлаар авто замыг аварга том хөгжмийн зэмсэг болгожээ.
Тодруулбал, 70-80 км/цагийн хурдтай явахад аялгуу тод сонсогдох бол хэт хурдтай явахад дуу гажууддаг тул жолооч нарыг хурдаа сааруулахад уриалж байгаа аж.
Албаныхан уг төслийг инновац, зугаа, замын аюулгүй байдлын хослол хэмээн тодорхойлжээ. Зам дагуух тэмдэглэгээ нь жолооч нарт хэрхэн хөгжмийн хэсгийг мэдрэхийг зааж өгдөг бөгөөд эрх баригчдын хэлснээр энэ нь жолооч нарыг сэрэмжтэй байлгах зорилготой.
Гэвч алдартнууд, үйлдвэрийн эзэд болон өндөр албан тушаалтнууд амьдардаг тансаг Брийч Кэнди дүүргийн оршин суугчид үүнийг өдөр тутмын амьдралд нь байнга, гүнзгий дарамт учруулж буй зүйл хэмээн тодорхойлжээ. Анх түр зуурын эсвэл шинэлэг зүйл гэж ойлгогдож байсан энэ шийдэл тэдний үгээр бол “гай болж” хувирсан байна.
“Дуу чимээ үнэхээр саад болж байна” хэмээн Брийч Кэндигийн ойролцоох Вайбхаб Апартментсийн оршин суугч Кавита Чавла The Independent-д ярьжээ. “Бидэнд ийм зам огт хэрэггүй. Өөр хийх зүйлс бий. Ядаж оршин суугчдаа бодолцох хэрэгтэй. Шалгалт өгч буй хүүхдүүдийг бодооч, ийм чимээнд хичээлээ ч хийж чадахгүй байна” гэж тэр нэмж хэлэв.
Нийт 650 гаруй өрх хотын захиргаанд гомдол гаргаж, дуу байнга давтагдах нь “хөндлөнгийн суурь чимээ болсон" хэмээн мэдэгдсэн байна.
Орон нутгийн захиргааны дарга Бхушан Гагранид илгээсэн захидалдаа оршин суугчид “Цонхоо нээлттэй байлгаж чадахгүй байна. Ялангуяа ахмад настнууд ноцтой байдалтай болсон. Дуу нь бүдэг боловч тасралтгүй хангинаж, хөндлөнгийн суурь чимээ хэлбэрээр айл бүрт нэвтэрч байна” гэжээ.
Мөн тэд захидлаа хотын захиргааны нэмэлт комиссар Авинаш Дхакнед илгээсэн гэж мэдэгдсэн ч Дхакне “би ийм захидал аваагүй, зөвхөн орон нутгийн сониноос уншсан” гэж The Independent-ийн сэтгүүлчид мэдэгдсэн байна.
Оршин суугчид мөн хөгжимт зам өөрөө аюулгүй байдлын асуудал үүсгэж болзошгүйг онцолжээ. Тэдний гомдолд, өндөр хурдны зам дээр анхаарал сарниулах ийм хөгжим нь эрсдэл дагуулж болзошгүй бөгөөд эрх баригчид өндөр автомашины хурд хэтрүүлэх явдлыг шийдэхийн оронд шинэлэг зүйлд илүү анхаарч байна гэж дурдсан байна.
Зам дагуух байнгын хөдөлгөөний шуугиан аль хэдийн зөвшөөрөгдөх дээд түвшний дуу чимээг давж байсан бөгөөд хөгжмийн ховил нэмэгдсэнээр унтах, төвлөрөх, өдөр тутмын амьдралын хэмнэлд сөргөөр нөлөөлж байна гэжээ.
Тэд далайн салхи болон ойролцоох барилгуудын дууг ойлгох, чиглүүлэх онцлог нь аялгууг төлөвлөгчдийн төсөөлснөөс илүү гүн рүү, орон сууцны бүсэд цуурайтуулж байна гэж тайлбарласан байна.
Хөгжимт замыг анх 2007 онд Японд инженер Шизүо Шинода бүтээсэн бөгөөд түүнээс хойш Унгар, БНСУ, АНЭУ, АНУ зэрэг орнуудад бий болсон бөгөөд ихэвчлэн хүн ам сийрэг бүсэд байршуулдаг тул ойр орчмын иргэдэд саад бага учруулдаг гэнэ.
Харин Мумбайн хувилбар нь хүн ам шигүү, чинээлэг дүүргээр шууд дайран өнгөрдөг учир асуудал үүсгэсэн бололтой.
Энэхүү хөгжмийн маршрут нь Мумбайн Coastal Road төслийн нэг хэсэг бөгөөд 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй, 2011 оноос хойш маргаантай байсан бүтээн байгуулалт юм.
Төсөл нь Marine Drive-ээс Worli хүртэлх зорчих хугацааг 45 минутаас 10 минут болгож бууруулсан ч шүүмжлэгчид үүнийг голчлон чинээлэг автомашин эзэмшигчдэд ашигтай, нийтийн тээврийн ачаалалтай хэрэглэгчдийг орхигдуулсан гэж үздэг.
Оршин суугчид татвар төлөгчдийн мөнгийг “орчныг ногоонжуулах” эсвэл нийтийн үйлчилгээ сайжруулахад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна.