Улсын төсөв бол татвар төлж байгаа бүх хүний хамтын “халаас” гэж ойлгож болно. Бид ирэх 2026 онд нийт 31.6 их наяд төгрөг халааслах нь (төсвийн тэнцвэржүүлсэн орлого). Энэ орлогоосоо эргээд 32 их наяд, 980 тэрбум төгрөг (нэгдсэн төсвийн нийт зарлага) зарцуулна. Юу болчхов оо, бид орлогоосоо ойролцоогоор 1.38 их наяд төгрөгөөр (ДНБ-ийн 1.3 хувь) илүү зарлага гаргах нь. Яагаад?
Төсөв заримдаа алдагдалтай байж болно. Айл, өрхийн жишээгээр тайлбарлавал манай гэр бүл орлогоосоо илүү мөнгө зарлагдаад байвал энэ мэдээж муу. Гэхдээ хүүхдээ сургуульд сургаж боловсрол эзэмшүүлэх, байшин барихын тулд өр тавьж болно. Үүнтэй адил улсын төсвийн алдагдал нь богино хугацаанд хүндрэл мэт боловч, урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлдөг.
2026 оны төсвийг хөгжилд, хүндээ чиглүүлсэн тухай Ерөнхий сайд Г.Занданшатар онцолсон. Тэрбээр “Анх удаа олон нийтээс санал авч, эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг түлхүү чиглүүлж, хүний хөгжлийг дэмжсэн төсөв боловсрууллаа” гэж ярьжээ. Жил бүр л улсын төсөв батлах үеэр улс төрийн маргаан дэгддэг. Аль салбар, аль сайдад, аль аймагт хэдэн төгрөг хуваарилав?, Ямар салбарыг илүү дэмжих вэ гэсэн асуултаар УИХ-ын гишүүд чуулганы танхимд цэц булаалддаг ч ихэнхдээ нэг зүйлийг орхигдуулсаар ирсэн нь хүн. Өмнөх жилүүдэд батлагдаж байсан төсвүүдийг эргэн харвал үнэхээр л “хүнээ мартсан” төсөв зонхилж байна. Төсвийн мөнгө зам, барилга, томоохон төслүүд рүү чиглэж, хүний өдөр тутмын хэрэгцээ болсон эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг салбар чухлын эрэмбээрээ нэгд ч, төсвийн хөрөнгөөрөө хойгуур бичигдсээр иржээ.
Өнөөдөр өвдөөд эмнэлэгт очиход хэвтэх ор олдохгүй, багш нар цалин амьдралд хүрэлцэхгүй нь гэж талбайд жагсаж, хот, хөдөө төдийгүй хотын төвийн захын сургуулийн сургалтын чанар эрс ялгаатай, нэг ангид олуулаа шахцалдан сууж хичээллэж байгаа зэрэг нь төсвийн бодлого хүний амьдралд хэрхэн тусаж ирсний бодит жишээ юм. Гэтэл энэ бүхэн хүний анхдагч хэрэгцээ. Хүн амьд байхын тулд зайлшгүй хангагдах ёстой хэрэгцээг юм. Иргэний энэ хэрэгцээг төр хангаж өгөх ёстой юм. Улмаар иргэн эрүүл, бүтээмжтэй, чанартай амьдарч эргээд улс, орны хөгжилд хувь нэмрээ оруулах эргэх холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл амьдрах, хөгжих, ажиллах, сурах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд төсөв тавиагүй хэр нь хүнээс хөгжил хүлээсээр иржээ, өнгөрсөн жилүүдэд.
Харин энэ жил Ерөнхий сайд Г.Занданшатар анх удаа төсвийг олон нийтээр хэлэлцүүлсэн. Иргэдийн санал, шүүмжийг сонсож, хэрэгцээг нь төсвийн төлөвлөлтөд тусгаж өгсөн тул энэ удаад чанарын хувьд огт өөр төсөв батлагдах болов уу гэсэн хүлээлт байна. Өмнөх “хүнээ мартсан” төсвөөс ялгаатай нь 2026 оны төсөв иргэдийн дуу хоолойг сонссон, эрүүл мэнд, боловсролыг нэн тэргүүнд тавьсан, хүний бодит хэрэгцээнд суурилсан, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулан сайжруулахуйц болсныг эдийн засагчид онцолж “эерэг” гэдэг дүн тавьжээ.
Хүнээ хэрхэн бодсоныг товчхон дурдвал, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан анги бүлгийн хүүхдийн тоог стандартад хүргэнэ. Нэмээд багшийн ажлын ачаалалд нийцсэн цалингийн бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Харин Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ. Энэ хүрээнд хавдрын эмнэлэг, эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Мөн 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөжээ.
Энэ мэтчилэн 2026 оны төсвөөр эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэх, сургуулийн хүртээмж сайжрах, багш эмч нарын ажлын нөхцөл сайжрах зэрэг олон өөрчлөлт иргэдэд шууд мэдрэгдэнэ гэсэн хүлээлт байна. Энэ бүхний цаана хүүхэд бүр чанартай боловсрол эзэмшиж, хүн бүр тэгш эрхтэйгээр эмнэлгийн тусламж авах боломжтой болох юм.
Дэлхийн улс орнууд хэрхэн “хүнээ бодсон” төсөв баталдаг тухай сонирхуулбал, Финланд боловсролдоо хөрөнгө ихээр тавьдаг юм байна. Үр дүнд хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших боломжтой, сургуульд хамрагдах хүртээмж өндөр байдаг аж. Канад улс ч мөн төсөв батлахдаа иргэдээс санал авч, ямар үйлчилгээ, нийгмийн халамжийг хөгжүүлэхээ тодорхойлдог юм байна. Сингапур орлогын тэгш бус байдлыг багасгах, эрүүл мэнд, боловсрол, бага орлоготой иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд түлхүү хөрөнгө тавьдгаараа онцлог.
Монгол Улс ч энэ жил дэлхийн улс орны жишгээр олон нийтээр төсвөө хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгаж хөгжлийг хүний зүг чиглүүлж чадсан нь ахиц юм. Зөвхөн нэг жилийн төсвийг иргэдээр хэлэлцүүлээд больчих биш Монгол Улс ирээдүйд хүнээ, иргэнээ дээдэлсэн бодлоготой болох сайн жишиг болж тогтоосой.
Төсөв бол цаасан дээрх тоо биш, харин иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлдөг бодит бодлого байх ёстой. Төсөв цөөн хэдэн хүний тохироо бус, нийт иргэдийн амьдралын төлөвлөгөө байх учиртай.