
Ерөнхий сайд Н.Учрал Багахангай-Хөшгийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг товлосон хугацаанд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэгний хөдөлгөөнийг есдүгээр сард эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун үүрэг болгов.
Тэрбээр Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөө хүртэлх холболтын хэсгийн цэг дээр ажиллах үеэрээ төмөр замын зурвастай давхцаж буй иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг чөлөөлөх, шуурхай нүүлгэн шилжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагад даалгажээ. Мөн шинэ төмөр замын автомат блоклол, дохиолол холбоо, эрчим хүчний найдвартай системийг иж бүрэн суурилуулахыг онцгойлон үүрэг болголоо.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлага, төслийн инженерүүд холболтын цэг дээр хийж буй дохиолол холбооны системийн суурилуулалт, технологийн шийдлийг танилцуулж, шинэ төмөр замын дохиолол холбооны системийг есдүгээр сард бүрэн зүгшрүүлэхээ танилцуулжээ.
Монголын үндэсний компани, монгол инженер, төмөр замчдын хүчээр барьж буй 127.1 км төмөр замыг ашиглалтад оруулснаар тээвэр, логистикийн тогтолцоонд шинэ хуудас нээж, нийслэлийн ачаа тээврийн урсгалыг хотын төвөөс гаргах, аюулгүй байдлыг хангах, Хөшгийн хөндийг тээвэр, логистикийн шинэ зангилаа болгон хөгжүүлэх боломжтой.
Одоогоор төмөр замын төслийн эхний 87.2 км-ийн бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлаа хийж байна. Тодруулбал, Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, ус зайлуулах байгууламж, төмөр замын дээд бүтцийн ажил өрнөж байгааг ЗТЯ мэдээлэв.
”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөө нь нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг багасгах, аюултай ачаа тээвэрлэлтийг хотын төвөөс гаргах стратегийн ач холбогдолтой "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн 127.1 км шинэ төмөр замын төслийн эхлэх цэг юм.