
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий энэхүү хуулийн төслийг парламент хэлэлцэх нь зөв эсэхээр пүрэв санал хураалт явуулах юм. УИХ-ын түвшинд уг хуулийн төслийг дэмжихгүй байх, эсэргүүцэх, "Санаа нь зөв ч арга нь буруу" гэсэн хандлага давамгайлж байсан. Харин хууль Ерөнхийлөгч үүнийг үл тоон "Төслөө заавал батлуулна" гэж мэдэгдсэн юм. Тэрээр "Энэ хуулийг баталтал нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмний хүсэмжлэл тоглоом биш гэдгийг Төрийн тэргүүний хувьд хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол, бас нийт ард түмнээс сонгогддог Төрийн тэргүүн гэж албан тушаал байдгийг мартаж болохгүй.Би парламентын засаглалыг ямагт дэмждэг хүн, цаашдаа ч дэмжих болно. Харин салан задгай, хариуцлагагүй, хулгайч дээрэмчдээр Монголын парламент дүүрч төрийг уландаа гишгэж эхлэх юм бол ард түмэн бас зүгээр суухгүй. Үүнийг ардчилсан нийгэм гэж хэлж байгаа юм. Эв нэгдлийг ёс зүйгүй байдал устгадаг. Ёс зүйгүй төр бол төр биш. Төрийн үйл хэрэг тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстой" гэж мэдэгдсэн юм.
Улмаар чуулганы нэгдсэн хуралдаан болж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх дээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 764.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний улиралд 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 2026 оны эхний улиралд 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 75.3 тэрбум төгрөгөөр өсөхөд, нийгмийн даатгалын орлого 225.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 159.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 343.5 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 93.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
2026 оны эхний улиралд татварын нийт орлогын,
Орлогын албан татварын 57.5 хувийг ААНОАТ, 42.5 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна.
"Наадамчдын гүүр"-ний орчмоос Туул-Дунд голын бэлчир хүртэл, Морин давааны хойд хадан хошуунаас төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орж ирэхэд хүртэл хоёр ч газарт тасарсан шургасан байдалтай байгаа аж. Шалтгаан нь Туул гол ёроолдоо хүртэл хөлдсөн үеэс эхлэн гэсэж хайлах хүртэл таван сарын хугацаанд хоногт 300 000 м³ усыг газрын гүнээс авч Улаанбаатар хотын усан хангамжид ашиглаж байсан. Үүний улмаас хөрсний усны түвшин унажээ. Мөн Улаанбаатар хот орчимд хаврын гачиг урсацын үеийн тэжээл болдог байсан шар усны үер огт болоогүй нь бас нөлөөлж байна. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлээд буй.
Тэрээр "Бид усны чанарын шинжилгээг улирал тутамд авдаг. Улмаар цаашид сар бүр тогтмол авч байхаар болсон. Баянзүрх гүүр орчимд усны чанарын индекс нь 44.97 гарсан нь бага зэрэг бохирдолтой ангилалд хамаарч байгаа. Уг нь гурван жилийн өмнө энэ бүс цэвэр гэх ангилалд багтаж байсан. Уг бүсэд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян болон гэдэсний савханцар нян илрээгүй. Гэвч нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс давсан байна. Тодруулбал, стандартын дагуу 10 мянгаас доош байх ёстой байтал шинжилгээгээр 20 мянга гарч, зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлттэй гарсан. Мөн бусад хэд хэдэн үзүүлэлт стандарт хэмжээнээс давсан байна гэх дүгнэлт гарсан.
Маршлын гүүр орчимд усны бохирдлын индекс 138.64 болж маш бохирдолтой гэх ангилалд орлоо. Өмнө нь энэ бүс нутаг харьцангуй цэвэрт тооцогддог байсан. Судалгааны явцад өмнөх жил дээж авахдаа байршлын хувьд алдаа гаргасан нь тогтоогдсон. Тухайлбал, Маршлын гүүрний доороос бус, Их Тэнгэрийн амнаас ирэх булгийн уснаас дээж авч байсан тул маш цэвэр гэсэн дүн гарч байж. Харин энэ удаад гүүрний яг доороос авсан дээж маш бохирдолтой гарсан байна. Түүнчлэн эндээс гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Энэ нь хүн, малын гаралтай нян байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нүхэн жорлонгийн асуудалтай холбоотой гэсэн үг. Харин гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй.
Яармагийн гүүр орчимд усны чанар харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан байна. Харин Сонсголонгийн гүүр орчимд усны чанарын индекс 136 орчим гарч “маш бохирдолтой” ангилалд багтсан байна. Нянгийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд гэдэсний савханцар болон гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ. Ийм усыг шууд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, ялангуяа гэдэс, ходоодны өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Цаашлаад Био комбинат орчимд байдал бүр дордсон байна. Тус бүсэд усны чанарын индекс 459.64 хүрч, хамгийн өндөр буюу “маш их бохирдолтой” түвшинд хүрсэн. Стандартын дагуу 10 мянгаас доош байх ёстой нянгийн тоо 300 мянгад хүрсэн байна. Улмаар гэдэсний савханцар нян стандарт хэмжээнээс 10 дахин их илэрсэн байгаа юм. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн. Эдгээр үзүүлэлт нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байгаа.
Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулаад Туул голын бохирдлын үндсэн эх үүсвэр болж байна гэсэн баталгаа. Цаашлаад Шувуун фабрик орчимд бохирдол нь 600 давчихсан. Нийтдээ Улаанбаатар хот орчмын Туул гол бохирдолтой гарсан бөгөөд Маршал, Сонсголон, Био комбинат, Сонгинын гүүр орчимд нүхэн жорлонгоос үүдэж гэдэсний бүлгийн савханцар нян стандартаас давсан үзүүлэлттэй байна. Цаашлаад бид Тэрэлж орчмоос усны дээж авна. Уг байршилд ус "цэвэр" байгаасай гэж найдаж байна. Гэхдээ тухайн орчинд байдаг аялал жуулчлалын баазуудаас л шалтгаална. Ер нь бол Туул гол бохирдсон байна гэдэг нь бидний цус бохирдчихсон байна гэсэн үг. Иймд бид усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна" гэлээ.
Тавдугаар сарын 1-нээс эмч нарын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгоно гэдгийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээллээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас эмч нарын цалинг нэг шатлалтай болгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд эмч нарын цалинг 75 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Ингэхдээ шат дараатайгаар нэмэхээр болсон. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сараас сар бүр есөн хувиар нэмсээр 75 хүргэх тооцоолол хийсэн. Нэгдүгээр сарын 1-нээс 30 хувийг нь нэмэхэд нэг асуудал гарсан. Эмч нар суурь цалингаас гадна илүү цаг, жижүүрт гарсны мөнгө гэж авдаг. Илүү цаг, жижүүрт гарсны мөнгийг нь бодохдоо өмнөх нэмэгдээгүй цалингаас нь тооцсон. Харин ХАОАТ-ыг нь суурь цалингаас нь тооцож авсан. Үүнийг өөрчилж нэг цалинтай болгоно. Ингэхийн тулд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хэмнэлт хийж энэ санхүүжилтийг гаргана. Тухайлбал, эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж хэмнэлт гаргана. Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг үнээр авдаг болно гэсэн үг.
Мөн эмнэлгийн захиргааны бүтцэд цомхотгол хийж хэмнэлт гаргана. Эмч, сувилагч нарыг огт цомхотгохгүй. Зөвхөн эмнэлгийн захирлын ажлын алба гэх мэт захиргааны албан хаагчдыг цомхотгоно. Ингэж ирэх тавдугаар сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдын нэмэгдэл цалинг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгоно" гэв.
Жижиг, дунд бизнесийн зөвшөөрлийг цахимаар олгохоор болсон гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.
Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдэрлэлийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад оруулах тогтоол баталлаа. Үүнийг олон жил ярьж, зарим хуулиар зааж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа. Гутал, хувцаснаас эхлээд төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээсээ авна.
Мөн ЖДҮ-ийн сангийн дүрэм журмыг шинэчлэх үүргийг Ерөнхий сайдаас авлаа.
Түүнчлэн Ерөнхий сайдын "Чөлөөлье" санаачлагын хүрээнд гуталчин, үсчин, кофе шоп гэх мэт 140 гаруй нэр төрлийн жижиг, дунд бизнесийн зөвшөөрлийг цахимаар өгдөг байх шийдвэр гаргалаа" гэв.