
Монголчууд уншиж сурсан ч уншсанаа ойлгодог, бодож эргэцүүлдэг, дотроо оршоодог нь ховор гэцгээх болов.
Боловсролын үнэлгээний төв жил бүр энэ талаар тайлан гаргадаг. Үүн дээр үндэслэн Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхдүүд эх хэлээрээ уншаад ойлгож чадахгүй, 3-5 жилийн хоцрогдолтой байна. Гурван хүүхдийн хоёр нь эх хэлээрээ уншсанаа ойлгодоггүй” гэх мэдэгдэл гаргасан. Тиймээс минутын уншлага хийлгэдэг, хүүхдийг түргэн уншиж дадахад сургах систем нь анхнаасаа буруу гэх талаар шүүмж, маргаанууд хөврөв.
Саяхан бид төв талбайд 39 дэх удаагийн номын баярыг тэмдэглэлээ. Угтаа баяр гэхээс илүүтэй хямдралтай, ховор сонин номын худалдаа гарч, уран бүтээлчид тус баярыг амдуулан шинэ ном үйлдвэрлэх болсон зэрэг шүүмжүүд хөвөрсөөр...
Жил бүр л энэ мэтчилэн номын баярыг тойрсон олон мэтгэлцээн өрнөдөг. Гэвч хамгийн гол нь уншсанаа ойлгох тухай асуудал хөндөгдөнө. Үүнээс бусдаар хэвлэн нийтлэгчид ном гаргах, хүмүүс худалдан авалт хийх, төв талбайд ном худалдах зэрэг бол аль ч улсын хувьд эвэртэй туулай үзсэн мэт гайхмаар асуудал огт биш.
Өнөөдөр бид урьд өмнөхөөсөө илүү их уншиж байгаа гэдэгтэй маргах хүн ховор. Сэрүүлэг дуугарахаас эхлээд гар утасныхаа дэлгэц рүү шагайна. Тийнхүү тайлбар, жиргээ, нийтлэл, байр суурь зэрэг олон төрлийн мэдээллийн урсгалд хөл тавина. Мөн бүгд номын талаар сурталчилж, илүү их унших, боловсролтой болох талаар хэлэлцэнэ. Гэвч энэ их үгийн урсгалын дараа оюун санаанд юу үлддэг вэ гэдэг нь чухам оносон асуулт. Хүмүүс мэдээлэл ихтэй болсон ч эргэцүүлэл багатай болов. Өөрөөр хэлбэл, бид уншдаг болсон ч ойлгодог эсэх нь эргэлзээтэй. Унших үйлдэл аажмаар механик зуршил болон хувирч, хүн текстийг зүгээр л гүйлгээд өнгөрч байна. Үүнтэй адилаар ном уншсан ч хормын дараа тэндээс шүүрдсэн үг, өгүүлбэр агуулга дотор нь байдаггүй.
Үүний хамгийн аюултай тал нь ойлгоогүй зүйлсээ ухаарсан гэж итгэх явдал. Хүн аливаа нэг нийтлэлийн гарчгийг уншаад л бүх агуулгыг нь мэдсэн мэт дүгнэлт хийдэг болсон. Мэдээг зөвхөн гарчгаар нь дүгнэнэ. Түүн доторх нь сонин биш. Цахим орчинд бусдыг элдэвлэсэн ганц өгүүлбэр хармагцаа уурлаж, бухимдаж, эсвэл бахархаж эхэлдэг. Уншсан зүйлдээ эргэлзэх, дахин нягтлах, өөр өнцгөөс бодох соёл багасжээ. Бид мэдээллийг боловсруулах бус хэрэглэж дуусгаад дараагийнх руу нь харайлгадаг. Энэ бол оюун санааны түргэн хооллолт. Түргэн хоол ходоодонд муугийн адил тархи ч бас өнгөц мэдээллээс болж ачаалалдаг.
“PISA”-ийн 2026 оны нэгдүгээр улирлын үнэлгээгээр монгол сурагчдын уншсан зүйлээ ойлгох чадвар олон улсын дунджаас доогуур гарсан нь санамсаргүй хэрэг биш. Энэ бол зөвхөн боловсролын салбарын асуудал бус нийгмийн сэтгэлгээний дүр зураг. Бид хүүхдүүдийг мэдээлэл цээжлэхэд сургадаг болохоос асуулт тавихад сургадаггүй. Хариулт мэддэг хүүхдийг магтдаг хэр нь эргэлзэж чаддаг хүүхдийг төдийлөн үнэлдэггүй. Тиймээс олон хүн текстийг задлах бус хэрхэн хүлээж авах байдлаар л уншуулж, сургасаар иржээ. Энэ нь эргээд амархан хууртагдах хөрс болдог. Хүн ойлгоогүй зүйлдээ хамгийн амархан итгэдэг.
Манай боловсролын тогтолцоо хүүхдүүдэд багаас нь “хурдан унш” гэж заасаар ирсэн. Минутад хэдэн үг уншиж байгаагаар нь чадварыг хэмждэг байв. Хүүхэд текстийг ойлгосон эсэх нь төдийлөн чухал биш. Гол нь хурдтай байх, хурдан сурах ёстой мэт ойлголт суулгасан. Ингэснээр унших үйл явц уралдаан болж хувирсны гор өнөөдөр гарч байгаа нь тэр. Нөгөө талаар хурд гэгчид донтсон нийгэм уншихуйн утгыг сүйтгэж байна. Бид бүхнийг богино, товч, шуурхай байлгахыг хүсдэг болсон. Нэг минутын бичлэг, арван секундийн тайлбар, хэдхэн мөр дүгнэлтэд дасжээ. Урт текст унших тэвчээргүй болсон нь тархины анхаарал төвлөрөх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймдээ ч олон хүн роман уншиж байхдаа гар утсаа шалгахгүй байж чаддаггүй.
Хаврын номын баяр дууслаа. Хүмүүс хямдралтай ном хайж, хэвлэлийн газрууд борлуулалтаа бодож, зохиолчид шинэ бүтээлээ сурталчилна. Гаднаас нь харахад энэ бол соёлын баяр шиг санагдана. Гэвч нөгөө талаас номыг өглөө бүр шинэхэн талх ширээн дээр байдагтай адилтгаж болохгүй. Ном бүтээхэд хугацаа орно. Цаашид тус бүтээл ганцхан номын баяр дамнах бус олон арван жилээр уншигчдын оюуны талх байх ёстой. Харин ихэнх нь уг үйл ажиллагааг далимдуулан номыг хэрэглээний бараа шиг болгож хувиргажээ. Мэдээж баяр болоод өнгөрнө. Дараа нь бид олон улсад аливааг ойлгох түвшин доогуур эрэмбэлэгдсэн хүүхдүүдээ яах вэ? Зарим хүн ном худалдаж авахдаа уншихаасаа илүү зураг дарах тухай боддог болсон. Тавиур дээр өрсөн ном нь оюуны хэрэгцээ бус сувенир болно. Уншсан номынхоо талаар бус хэдэн ном авснаа ярьдаг хүмүүс ч цөөнгүй. Үнэндээ номыг хэрэглэх ёстой болохоос хадгалах учиргүй. Ном бол бурхан тахилтай адил гаднаас харж, шүтэж суух зүйл биш билээ.
Мэдээж ном худалдаж авах нь соёлын нэг. Гол нь унших гэдэг бол мэдлэг цуглуулах тухай бус өөрийгөө өөрчлөх үйл явц юм. Ганц сайн өгүүлбэр хүний дотор олон жилийн турш амьдарч чаддаг. Харин ямар ч ухамсаргүйгээр гүйлгэсэн мянган хуудас юу ч үлдээхгүй өнгөрдөг. Тиймээс бид номтой нөхөрлөх гэдгийг өөрөөр эргэцүүлэх цаг болжээ. Уншсан зүйлдээ эргэлзэх, асуулт тавих, дотроо хадгалах чадвар үр хүүхдэдээ суулгах зайлшгүй хэрэгцээ бий. Үгүй бол бидний гар дээр цэвэрхэн, сайхан хавтастай ном л үлдэнэ. Номын баяр болдгоороо болоод л өнгөрнө.