
Хятадын баг нэгэн зэрэг хамгийн олон автономит усан доорх төхөөрөмж ажиллуулсан үзүүлэлтээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, усан бассейны туршилтын үеэр 116 жижиг роботыг нэгэн зэрэг ажиллуулжээ.
Northwestern Polytechnical University-ийн есдүгээр сарын 24-нд гаргасан мэдэгдэлд дурдсанаар, туршилтад TH-618 нэртэй дронуудын бүлгийг ашигласан байна.
Туршилтыг наймдугаар сарын 29-нд 50х20 метрийн хэмжээтэй усан бассейнд Гиннесийн дэлхийн дээд амжилтын байгууллагын албаныхны хяналтан дор явуулжээ. Улмаар тус байгууллага уг амжилтыг баталгаажуулж, нийтэлжээ.
Энэхүү дээд амжилтыг Northwestern Polytechnical University-ийн баг, далайн тоног төхөөрөмж болон усан тээврийн хэрэгсэл нийлүүлэгч, хувийн батлан хамгаалах салбарын Xian Tianhe Defence Technology компанийн охин компани болох Xian Tianhe Maritime Technologies компанитай хамтран тогтоожээ.
Төхөөрөмжүүдийг дарааллын дагуу усанд оруулахад хүний ямар ч оролцоогүйгээр 34 минутын турш 500 метрийн зайд усан доорх формацын дагуу бие даан хөдөлсөн байна. Тэд урьдчилан тогтоосон маршрутыг бодит цагийн мэдээлэл ашиглан дагажээ.
“Ийм орчинд хэдэн арваас хэдэн зуун усан доорх төхөөрөмжийг бүрэн бие даасан, удаан хугацаанд, тогтвортой байдлаар уялдуулан хөдөлгөх боломжийг бүрдүүлэх нь усан доорх ухаалаг тоног төхөөрөмжийн дэлхийн салбарын гол сорилтуудын нэг байсаар ирсэн” хэмээн тус их сургуулийн мэдэгдэлд дурджээ.
“Энэ удаад хэдэн зуун төхөөрөмжөөс бүрдсэн бүлгийг тогтвортой навигаци хийлгэсэн нь усан доорх нисгэгчгүй системүүдийг удирдах чиглэлд гарсан дэвшил юм” гэнэ.
Их сургуулийн мэдээлснээр, TH-618 төхөөрөмжүүд нь 61.5 сантиметр урт, 20 сантиметр өргөн, 5.14 килограмм жинтэй бөгөөд хамгийн ихдээ 30 километрийн зайд ажиллах боломжтой. Мөн нэг удаагийн цэнэгээрээ найман цаг гаруй хугацаанд ажиллах хүчин чадалтай аж.
Тэд хөдөлгөөнт утасны харааны камерын систем ашиглан чиглэлээ тодорхойлон, орчны нөлөөллөөс үүдэн замаасаа хазайсан тохиолдолд маршрутаа өөрчлөн засварлах боломжтой.