
Пакистаны шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыг дэмжсэн жагсаал ирэх долоо хоногт зохион байгуулагдахын өмнө түүний эгчийг баривчилсан талаар Имран Ханы тэргүүлдэг “Пакистан Техрик-е-Инсаф” нам мэдээлжээ.
Алима Ханумыг ням гарагийн үдээс хойш зүүн нутгийн Лахор хотод баривчилсан гэж “Пакистан Техрик-е-Инсаф” намын албаныхан мэдэгдэж, уг баривчилгааг “хууль бус” хэмээн нэрлэв.
Ханумыг баривчлах тухай Лахор хотын дэд комиссарын гаргасан захирамжид түүнийг “нийгмийн сүлжээ болон олон нийтийн уулзалтаар дамжуулан Имран Ханы дэмжигчдийг дайчилж байсан” хэмээн дурдаад 30 хоног саатуулна гэжээ.
Ханум нь дүүгийнхээ хоригдож буйг ил тод шүүмжилж, түүний дэмжигчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй тогтмол ярилцдаг.
Захирамжид дурдсанаар түүнийг Лахор дахь Кот Лахпат шоронд хүргэх аж. Ханумын гэр бүлийнхэн түүнтэй “ямар ч холбоо барьж чадаагүй бөгөөд хаана байгааг нь мэдэхгүй” байгаагаа мэдэгдсэн байна.
“Бид засгийн газраас түүний хаана байгааг нэн даруй мэдээлж, эсэн мэнд буцаж ирэх нөхцөлийг хангахыг шаардаж байна” гэж Ханумын хүү Шахрез Хан X платформд бичжээ.
Түүний баривчилгааг есдүгээр сарын 27-нд улс даяар зохион байгуулахаар төлөвлөсөн эсэргүүцлийн жагсаалтай холбон тайлбарлах хүн олон байна. Тухайн өдөр жагсагчид Пакистаны нийслэл Исламабад руу алхаж очихоор төлөвлөжээ. Баривчлах захирамжид Ханумыг хүмүүсийг “хууль, хэв журмын нөхцөл байдлыг алдагдуулах” зорилгоор дайчилж, “олон нийтийн дунд засгийн газрын эсрэг зохисгүй уриа лоозон хашхируулж байсан” гэж буруутгасан байна.
Исламабадын гудамжууд аль хэдийн чингэлгүүдээр дүүрч эхэлсэн бол нийслэл дэх төрийн байгууллагуудын барилга байгууламжийг хамгаалахад бэлтгэж эхэлжээ.
Орон нутгийн хэвлэлүүд Пакистаны Дотоод хэргийн сайд эсэргүүцлийн жагсаал нь улс оронд хохирол учруулж байгаа учир засгийн газар уг жагсаалыг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдсэн талаар мэдээлжээ.
Имран Ханыг 2023 оноос хойш хорьж байгаа юм. Тэрээр албан тушаал хашиж байхдаа авсан бэлгүүдээ зарж олсон орлогоо мэдүүлээгүй гэх хэргээр гурван жилийн хорих ял сонссон. Мөн төрийн нууц задруулсан, төрийн бэлэг худалдсан зэрэг 100 гаруй хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан бөгөөд эдгээр бүх хэргийг улс төрийн зорилготой гэж эрс үгүйсгэсээр ирсэн юм.
Өнгөрсөн онд крикетийн од тамирчнаас улстөрч болсон Имран Ханд газрын авлигын хэргээр 14 жилийн хорих ял оноосон нь түүний авсан хамгийн урт хугацааны ял болжээ. Шоронд байх хугацаанд түүний биеийн байдал муудаж, өнгөрсөн сард эмнэлгийн үзлэгт хамрагдсан байна.