
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр "10 аймагт баригдаж буй дулааны цахилгаан станцуудын бүтээн байгуулалтын ажил 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад санхүүжилт болон өөр нэгэн хүндрэлээс шалтгаалан бүгд зогссон. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх хоёр арга замыг тодорхойллоо.
Нэгдүгээрт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд үндэслэн хувийн хэвшлийн байгууллагуудтай үнэ, тарифыг тохирч, төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг судална. Харин зарим аймагт түүхий эдийн хангамж хангалтгүй байгаа учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх чиглэлийг холбогдох сайд нарт үүрэг болгосон.
Түүнчлэн орон нутгийн олон эрүүл мэндийн байгууллага автомашингүй байна. Эрүүл мэндийн яамны багцад багтсан автомашин, техник хэрэгслийн томоохон шинэчлэлийн тендерийг зарласан ч шалгарсан хоёр компанийн хооронд маргаан үүсэж, өнөөдрийг хүртэл шүүхээр явж байгаа асуудал байна.
Иймээс 80 орчим автомашин, техник хэрэгслийг хамгийн их хэрэгцээтэй орон нутагт яаралтай хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Түүнчлэн зарим нутгаар зуншлага муу, хуурайшилт их байгаагаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан, тэжээлийн хангамж хүндрэх төлөвтэй байгаа. Иймд Улсын онцгой комисс маргааш өглөөний 08:00 цагт хуралдаж, шаардлагатай чиглэлийг гаргана.
Мөн Дорнод, Төв аймгаас зуншлага тааруу байгаа аймаг, сумдад хадлан, тэжээл татан нийлүүлэх зохицуулалтыг хийхээр ажиллаж байна" хэмээн мэдээллээ.