
Наймдугаар сарын эхнээс л ОХУ-ын олон бүс нутагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдсэн. Он гарсаар Оросын нутаг дэвсгэрт 17 хүн баавгайн халдлагад өртөж амиа алджээ. Эдгээрээс хамгийн эмгэнэлтэй нь Алтайн хязгаарт баавгай жуулчин эмэгтэйг майхнаас нь чирч гарган хүний нүдэн дээр тасдан хөнөөсөн хэрэг гарсан. Сибирь, Магадан, Новгород мужууд, Камчатка даяар баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага бүртгэгдэж байна. Бүр Хар тэнгисийн эргийн Сочи хотын Роза Хутор амралтын газарт хүртэл баавгай үзэгджээ.
Идэш тэжээлийн хомсдолд орсон амьтад ичээндээ орохоос өмнө тарга тэвээрэг авахаар ийнхүү хөвчөөс бууж ирэх болсон баавгайн тоо толгой нэмэгдсэнтэй ч холбоотой. 2026 оны байдлаар Орост хүрэн баавгайн тоо толгой 307 000 орчимд хүрч 1990 онтой харьцуулахад 2.3 дахин өсжээ.

Эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд агнах зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байгаа ч анчид баавгай намнахаар яарахгүй байгаа юм. Орон нутгийн болон мэргэжлийн анчдын тайлбарласнаар баавгайн ан нь эдийн засгийн хувьд огт ашиггүй болжээ. 10 орчим жилийн өмнө баавгайн саврыг Хятад руу, цөсийг Солонгос руу экспортолдог байсан ч хил гаалийн хяналт чангарч, хууль бус анчидтай хийх тэмцэл идэвхжсэнээс гадна зах зээл дээр хуурамч бүтээгдэхүүн олширсноор гадны худалдан авагчдын эрэлт эрс багассан байна. Мөн ОХУ-ын дотоод зах зээлд баавгайн арьс боловсруулах зардал хэт өндөр. Халдварт өвчний эрсдэл өндөртэй баавгайн махыг тусгай лабораторид шинжлүүлэх нь ч нэмэлт зардал дагуулдаг аж. Түүнчлэн хувийн ангийн эзэмшил газруудад агнах зөвшөөрлийн үнэ 15 000-50 000 рубль хүрч шатахуун, багаж хэрэгслийн зардал нь олох ашгаасаа хэд дахин давдаг байна. Дээр нь баавгай агнах зөвшөөрөл ердөө 30 хоногийн хугацаатай байдаг нь тэдний араас мөшгөхөд хангалтгүй байдаг аж. Иймд сүүлийн жилүүдэд баавгайн тоо толгой 2 дахин гаруй нэмэгдсэн ч эдийн засгийн ашиггүй болсон тул анчид олгогдсон зөвшөөрлийн ердөө 10–30 хувийг л ашиглаж байна.