
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Финландад 11 жилийн дараа хэрэгжүүлж буй төрийн айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Айлчлалын хүрээнд 10 баримт бичиг байгуулав. Үүнд боловсрол, спорт, дээд боловсрол, музейн хамтын ажиллагаа, цахим сургалт, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр, бүс нутгийн хөгжил, худалдаа, барилга, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хамруулжээ.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцагчдыг Финландын Туркугийн их сургууль болон Зүүн Финландын их сургуульд суралцуулах боломж бүрдүүлэхээр тохиролцов. Зүүн Финландын их сургууль жил бүр тав хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрын түвшинд элсүүлэн суралцуулах юм. Түүнчлэн суралцахуйн шинжлэх ухаан, тархи судлал, хүүхдийн хөгжил, боловсролын дата аналитик болон сургалтын хөтөлбөрийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр төлөвлөжээ.
Мөн Финландын Туркугийн их сургууль болон холбогдох байгууллагуудтай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “KiVa” үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших, түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэв. Финландын хиймэл оюун, суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх боломжийг ч судална.
Соёлын салбарт “Чингис хаан” Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хамтран ажиллаж, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хоёр орны түүх, соёлыг харилцан сурталчлах үзэсгэлэн гаргахаар зорьж байна.
Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймаг болон Финландын Лапланд муж цаа бугын аж ахуй, тогтвортой болон өвлийн аялал жуулчлал, байгаль хамгааллын чиглэлээр туршлага солилцоно. Харин хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй дүнзэн барилга, дулааны эрчим хүч хуримтлуулах технологи, цэвэр эрчим хүчний шийдлийг хөгжүүлэхээр тохиролцов. Мөн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн байгууллагуудын түншлэлийг дэмжихээр болжээ.
Айлчлалын хүрээнд Хельсинки хотноо Монгол-Финландын бизнес форум зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Форумын үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, санхүүжилтийн боломж, текстилийн салбар болон үйлдвэрлэл, технологийн чиглэлийн хамтын ажиллагааг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд болов.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын парламентын дарга Юусси Халла-Ахотой уулзаж, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн Хельсинки хотын Хиетаниеми цогцолборт орших Баатруудын загалмай болон Маршал К.Маннерхеймийн бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.
Монгол, Финланд Улс 1963 оны долоодугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, технологи, соёл болон ногоон хөгжлийн бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэхэд чиглэж байна.