
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар мягмар гарагт өндөрлөж, эхний дүн Монголын цагаар лхагва гарагийн өглөө гарч эхэлнэ. Гэвч Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын хяналтыг аль нам авах нь хэд хоногийн дараа тодорхой болох магадлалтай байна.
Энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 435 суудал, Сенатын 100 суудлын 35-ын төлөө өрсөлдөж Ардчилсан нам Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах намаас Конгрессын хоёр танхимын хяналтыг авахыг зорьж байна.
АНУ-ын зүүн эргийн зарим мужид санал хураалт мягмар гарагийн 18:00 цагт (Улаанбаатарын цагаар лхагва гарагийн 07:00) дуусаж, эхний дүн гарна. Харин Калифорни, Вашингтон зэрэг мужид санал хураалт лхагва гарагийн өглөөний 11:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Калифорни, Невада, Аризона, Аляска зэрэг мужид шуудангаар санал өгөх, гарын үсэг баталгаажуулах болон сонгуулийн саналын хуудсыг олон үе шаттай тоолох ажиллагаанаас шалтгаалан эцсийн дүн хэд хоногоор хойшилж болзошгүй. Харин Флорида, Охайо, Хойд Каролина зэрэг мужид саналын дүн харьцангуй хурдан гарах төлөвтэй байна.
Сонгуулийн дүн ойролцоо гарсан тохиолдолд дахин тооллого явуулах, нэр дэвшигчид шүүхэд гомдол гаргах боломжтой. Тиймээс бүх саналын хуудсыг тоолж, албан ёсоор баталгаажуулах ажил хэдэн өдөр, хэдэн долоо хоногоор сунжирч магадгүй юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуултад “Шударга сонгууль болсон тохиолдолд хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Ерөнхийлөгч Конгрессын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлснээр үр дүнг дангаараа хүчингүй болгох эрхгүй. Сонгуулийг муж улсууд зохион байгуулж, баталгаажуулдаг учир сонгуулийн маргааныг Конгрессын танхимууд болон шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.