
Дэлхийн хамгийн нөлөө бүхий к-поп хамтлаг BTS албан ёсоор эргэн ирж байна. Өмнөд Солонгосын хуулийн дагуу цэргийн албаа хаасан учир хамтлагийн гишүүд бараг дөрвөн жилийн турш уран бүтээлээ завсарлаад байсан юм. Нийт долоон гишүүнтэй тус хамтлаг 2022 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарах гэж байна.
Уг тоглолтыг “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэйгээр “Netflix”-ээр шууд дамжуулна. Энэ нь “Netflix” платформын хувьд Өмнөд Солонгосоос анх удаа дэлхий даяар шууд дамжуулж буй арга хэмжээ болох юм.
Тоглолт 2026 оны гуравдугаар сарын 21-нд Солонгосын цагаар: 20:00, Монголын цагаар: 19:00, баруун эрэг (PST): 04:00, зүүн эрэг (EST): 07:00, GMT: 12:00 цагаас шууд цацагдана.
Тоглолтыг “Netflix”-ээр ямар ч багцыг худалдан авсан хэрэглэгч шууд үзэх эрхтэй. Нэмэлт төлбөр, тусгай эрх шаардлагагүй бөгөөд дэлхийн хаанаас ч үзэж болно гэдгээрээ онцлогтой.
Тус тоглолт Сөүлийн түүхэн дурсгалт газар болох Гёнбокгүн ордны гол хаалга Гванхвамүнд болно. 1395 онд баригдсан энэхүү газар нь тоглолтод соёл, түүхийн гүн утга нэмж өгнө гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.