
Ирак улс өрнөдийн томоохон компаниудтай эрчим хүч, эрүүл мэнд, технологийн салбарыг хамарсан 60 гаруй тэрбум ам.долларын өртөг бүхий урьдчилсан хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа. Вашингтон хотноо болсон АНУ-Иракийн бизнес дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан эдгээр гэрээний гол цөм нь олон жил ашиглагдаагүй байсан газрын тосны стратегийн чухал хоолойг дахин сэргээх төсөл юм.
Багдад болон Дамаскийн засгийн газруудын байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Иракийн хойд хэсгийн Киркук мужаас Сирийн Газар дундын тэнгисийн эргийн Банияс боомт хүртэлх түүхий тосны хоолойг сэргээн босгохоор болжээ. Уг хоолойг шинэчлэн засварласнаар хоногт 2 сая баррель тос тээвэрлэх боломжтой. Төслийг АНУ-ын эрчим хүчний "Chevron" компаниар удирдуулсан олон улсын консорциум гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Энэхүү алхам нь АНУ, Израил болон Ираны хоорондын геополитикийн мөргөлдөөний улмаас тээвэрлэлтийн ноцтой сааталд ороод буй Ормузын хоолойноос хамааралгүй эрчим хүчний өөр суваг бий болгох Иракийн стратегийн зорилго юм.
Үүнээс гадна Chevron компани Иракийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр дахин хоёр гэрээ байгуулсан байна. Мөн Иракийн засаг захиргаа Илон Маскийн Starlink компанитай тус улсад хиймэл дагуулын интернетийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ.