
Аяатолла Али Хаменеи алагдсантай холбоотой уур бухимдал тэсэрч Карачи хот дахь АНУ-ын консулын газарт олон зуун хүн дайран орсноос үүдэлтэй мөргөлдөөнөөс болж дор хаяж зургаан хүн амиа алдсан байна.
Цагдаа болон хагас цэрэгжсэн хүчнүүд дипломат цогцолборын цонхыг хагалсан олныг тараахаар бороохой, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Карачи хотын төв эмнэлгийн цагдаагийн эмч Суммайя Сайед Тарик зургаан цогцос болон хэд хэдэн шархадсан хүнийг тус эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгдсэн байна. Карачи нь Пакистаны хамгийн том хот бөгөөд Синд мужийн нийслэл юм.
Мөн найман хүн мөргөлдөөний үеэр шархадсан гэж албаныхан мэдээлжээ.
Энэхүү эмх замбараагүй байдал нь Хаменеи 86 насандаа Тегеран дахь ажлын байранд нь АНУ, Израилийн хамтарсан агаарын цохилтоор алагдсаныг баталгаажуулсны дараахан болсон байна.
Довтолгооны дараа Пакистан, Ирак болон Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирт эсэргүүцлийн жагсаал өрнөж, Иран хариуд нь Израиль болон Персийн булан дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу пуужин, дроноор цохилт өгчээ.
Пакистаны хойд бүс болох Гилгит–Балтистанд жагсагчид Скарду хот дахь НҮБ-ын оффист гал тавьжээ.
Орон нутгийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шаббир Мир “GB дахь НҮБ-ын оффисын гадаа олон тооны жагсагчид цугларч, барилгыг шатаасан” гэж Press Trust of India-д мэдээлсэн бөгөөд хүний амь эрсдээгүй гэж нэмж хэлсэн байна.
Лахор хотод хэдэн зуун хүн АНУ-ын консулын газрын гадна цугларчээ.
Гэрч Акил Раза “Жагсагчдын зарим нь консулын газраас хэдэн зуун метрийн зайд байрлах хамгаалалтын хаалгыг гэмтээхийг оролдсон ч цагдаа нар хүч хэрэглэлгүйгээр зогсоосон” гэж ярьжээ.
Багдад хотод Ираныг дэмжигч жагсагчид АНУ-ын элчин сайдын яам байрладаг Ногоон бүсийн гадна цугласан байна.
Хаменейг хөнөөсөн нь Доналд Трампын засаглалын хоёр дахь хугацаанд Иранд хийсэн хоёр дахь цохилт болж байна.
Ираны төрийн телевиз дээд удирдагч бямба гарагийн үүрээр нас барсан гэж мэдээлжээ. 1989 онд Аяатоллах Рухолла Хомейни нас барсны дараа эрх мэдэлд хүрсэн шашны зүтгэлтэн нь Ираны улс төр, цэргийн бүх бүтэц, түүний дотор Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC)-д эцсийн шийдвэр гаргах эрхтэй байсан.
Трамп энэ мөчийг түүхэн эргэлтийн цэг хэмээн тодорхойлжээ. “Энэ бол Ираны ард түмэн эх орноо эргүүлэн авах хамгийн агуу боломж” гэж тэр хэлсэн байна.
Тэр мөн Тегераныг хариу цохилтоо хурцатгахгүй байхыг анхааруулаад “Иран өнөөдөр урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй цохилт өгнө” гэж мэдэгдлээ.
Хувьсгалт гвард Израил болон Америкийн баазуудын эсрэг “хамгийн хүчтэй довтолгооны ажиллагаа”-аар заналхийлжээ. Парламентын дарга Мохаммад Багер Галибаф “Та нар бидний улаан шугамыг давсан учир үнийг нь төлөх ёстой. Бид та нарыг өөрсдөө гуйж өршөөл хүсэхэд хүргэх тийм аймшигт цохилт өгнө” гэж хэлсэн байна.
Иран Израил болон Бахрейн, Кувейт, Катар дахь АНУ-ын байгууламжууд руу пуужин, дрон харважээ. Израилийн армийн мэдээлснээр хэдэн арван пуужин харвасан бөгөөд олонхыг нь устгасан байна. Израилийн яаралтай тусламжийн алба Маген Дэвид Адомоос Тель-Авивын ойролцоох цохилтын улмаас шархадсан нэг эмэгтэй нас барсан гэж мэдэгджээ.
Персийн булан даяар нислэгүүд тодорхойгүй хугацаагаар саатсан байна.
Дубайн дээгүүр агаарын довтолгооноос хамгаалах системүүд идэвхжиж, ням гараг (2026.03.01)-ний өглөө хүртэл дэлбэрэлт үргэлжилжээ. Пуужингийн довтолгооны хэлтэрхий АНЭУ-д нэг хүний аминд хүрсэн гэж төрийн хэвлэл нь мэдээлэв. Сөрөн устгалын үлдэгдэл Дубайн гол боомт болон Burj Al Arab зочид буудлын гадна талд гал түймэр үүсгэжээ. Саудын Арабын нийслэл болон зүүн бүсэд чиглэсэн довтолгоог няцаасан гэж мэдэгдсэн бол Иордан “49 дрон болон баллистик пуужин устгасан” гэжээ.
Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирт мянга мянган хүн Сринагар хотын Лал Чоук болон Хуучин хотод цугларч, АНУ болон Израилийн эсрэг уриа хашхирч Хар туг, Хаменейн хөргийг барьж, гашуудлын яруу найраг болох марсия уншсан байна. Жагсаал Будгам, Барамулла болон бусад дүүрэгт тархаж, зарим нь хурдны замуудыг хаасан гэж The Indian Express мэдээлжээ. Энэтхэгийн хамгийн олон хүн амтай муж болох Уттар Прадешийн нийслэл Лакхнау дахь мусульман байгууллагууд эсэргүүцлийн жагсаал, эмгэнэлийн хурал зохион байгуулж, гурван өдрийн гашуудал зарлав. Тус хотын шашин, олон нийтийн удирдагчид шиа болон сунни байгууллагуудад гашуудал, уур бухимдлаа илэрхийлэх хөтөлбөрүүд зохион байгуулна гэжээ.
Иран шинэ дээд удирдагчийг сонгох хүртэл удирдах зөвлөл байгуулсан байна. Төрийн хэвлэл Хувьсгалт гвардын тэргүүн болон аюулгүй байдлын дээд зөвлөх зэрэг ахлах цэргийн албан тушаалтнууд амиа алдсан гэж мэдээлжээ.
Тегеран 40 хоногийн гашуудал зарлаж, Машхад хот дахь Имам Реза бунхны дээр хар туг мандуулсан ч нийслэлд зарим оршин суугчид гашуудаж байхад зарим нь дээврээс баярлаж буй мэт эсрэг тэсрэг хариу үйлдэл ажиглагдсан гэж гэрчүүд мэдээлсэн байна.