
2026 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсонд олгохоор болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн түүний уран бүтээлийг "сонгодог утга зохиолын уламжлалыг егөөтэй харилцан яриагаар сүлж, орчин цагийн утга зохиолд шинэ хэв маяг бий болгосон зоримог агаад шинэлэг бичгийн өв сан, бүтээл туурвилынх нь төлөө" хэмээн өндрөөр үнэлсэн байна.
1950 онд Торонто хотод төрсөн Энн Карсон сонгодог утга зохиол судлалаар докторын зэрэг хамгаалснаас хойш яруу найраг туурвих, орчуулга хийж их сургуульд багшлах зэрэг ажлыг тасралтгүй хослуулсаар иржээ. Түүний уран бүтээлийн гол цөм нь үг хэллэгийг нарийвчлан судалдаг хэл шинжлэлийн хандлага болон шинэ утга санааг эрэлхийлэх яруу найрагчийн хүсэл эрмэлзлийн огтлолцол дээр оршдог. Тэрээр үгийн гарал үүслийг өөрийн бүх бүтээлийн эхлэл цэг гэж үздэг юм.
Мөн эртний Грек хэлнээс хөрвүүлсэн орчуулгууд нь бие даасан уран бүтээлийн хэмжээнд үнэлэгддэг. Үүнд Сапфогийн шүлгээс орчуулсан түүвэр "If Not, Winter" (2002), мөн Софоклын "Электра" (2001), "Антигона" (2015) болон Еврипидийн "Бакхай" (2015) зэрэг сонгодог эмгэнэлт жүжгүүд багтана.
1990-ээд онд Карсон утга зохиолын салбарт томоохон байр суурь эзлэх хэд хэдэн бүтээл туурвисан. Тухайлбал, "Glass, Irony, and God" (1995) номд багтсан "The Glass Essay" зохиол нь төрөл жанрын дундах заагийг бүдгэрүүлсэн хэмээн үнэлэгддэг. 1998 онд хэвлэгдсэн "Autobiography of Red: A Novel in Verse" бүтээл нь түүний хамгийн шилдэг туурвил. Энэ бүтээлдээ Карсон эртний Грекийн домгийг орчин үеийн яруу найргийн бичлэгийн бүтэцтэй гайхалтайгаар хослуулжээ.
Карсон бичих үйл явцын боломжуудыг чөлөөт байдлаар эрэлхийлэн бичвэрийн ноорог хэлбэрийг чухалчилдаг. Үүний нэг тод жишээ нь ямар ч дарааллаар уншиж болох 22 жижиг номоос бүрдэх "Float" (2016) бүтээл юм. Мөн 2024 онд гарсан "Wrong Norma" бүтээлээрээ урлаг болон эрдэм шинжилгээний олон салбарыг холбож, тайзны болон гүйцэтгэлийн шинж чанартай бичвэрүүдийг нэгтгэн харуулжээ. Дүрслэх урлаг, бүжиг, дуурь болон театрын найруулагчидтай идэвхтэй хамтран ажилладаг түүний энэхүү чөлөөт, баригдмал бус хандлага нь 1990-ээд оноос хойш олон улсын урлаг, уран зохиолын ертөнцөд жинхэнэ өөрчлөлтийг авчирч чадсан юм.