
Эрчим хүчний салбарынхан цалин хөлсөө нэмүүлж чадаагүй тул ажил хаях нөхцөл байдал бий болсон талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Эрчим хүч хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат: “Цалинг 10 хувиар нэмэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлнэ. ДЦС3-ын ажилчид хүнд, халуун нөхцөлд ажилладаг. Одоо эрчим хүчний оргил ачааллын үе биш ч гэсэн их засварын ажил үргэлжилж байна.
Бид өнөөдрийг хүртэл ажил хаялтад хүрэхгүй болов уу гэж найдсан. Гэвч Д.Найдалаа сайд бидэнд албан бичгээр буюу албан ёсоор хариу өгөөгүй. Эрчим хүчний яамнаас бидний цалинг 10 хувиар нэмэх санал тавьсан. Гэтэл инфляц 11 хувьд, мөнгөний ханш 20 хувиар уначихлаа. Эрчим хүчний яам өнөөдөр даруй арга хэмжээ авахгүй бол маргааш үндэсний хэмжээнд тоггүй болох эрсдэл үүслээ. Ажил хаялт бидний эцсийн сонголт. Бид цалингаа 30 хувиар нэмүүлэх хүсэлтэй байна. Маргааш шууд 30 хувиар биш юм гэхэд шатлалтай нэмэх саналыг бид хүлээж авна. Маргааш өглөө 08.00 цагт эхлэх ажил хаялтад эрчим хүчний салбарын 22 салбарын ажилтан хамрагдана" хэмээсэн юм.
-660x0.png)
Мөн энэ үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч А.Дагвадорж: "Хуульд заасны дагуу ҮЭ-ийн гишүүдээс ажил хаях эсэх санал асуулга явуулахад 94.6 хувь нь дэмжсэн. Маргаашаас ажил хаялт зарлах гэж байна. Улмаар тохиролцоонд хүртэл эрчим хүчний салбарын ажилчид ажил хаялтаа зогсоохгүй. Ажил хаялтаас шалтгаалж үүссэн эрсдэлийг төр буюу ажил олгогч 100 хувь хариуцна. Бид хуулийн дагуу хугацаанд нь ажил хаялт зарлах албан бичгээ яаманд хүргүүлсэн. Жилд дунджаар эрчим хүчний салбарын гурван хүн үйлдвэрийн ослоор нас бардаг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын ажилчдын үндсэн цалин ₮1,8-2,5 сая байна. Орон нутгийн ажилчдын үндсэн цалин ₮1,6 сая байгаа" гэв.