
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөлөө.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: -Засгийн газрын гишүүд Гадаад зээллийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ унагасан гээд яриад байх юм. Сайд нар чуулганыхаа хуралд оролцоогүй ш дээ. 64 хүрэхэд гуравхан гишүүн дутсан. Засгийн газрын гурван гишүүн чуулганыхаа хуралд суусан бол энэ хууль батлагдах байсан. Гэтэл одоо УИХ-ын буруу юм шигээр яриад байх юм. Сайд нь чуулган, Байнгын хорооныхоо хуралд оролцох хэрэгтэй. Өнөөдөр л гэхэд сайд нарыг хүлээж Байнгын хорооны хурал цаг гаруй хойшиллоо.
Өнөөдөр Монголд тэтгэврийнхээ мөнгөөр өөртөө зориулаад гоё хувцас авч өмсөөд, сайхан хоол иддэг ахмад гэж байхгүй. Монгол орны өнцөг булан бүрд тэтгэврийн зээлээр амьдарч байна. Тэтгэврийн зээл машины урьдчилгаа, цалингийн зээлийн эргэн төлөлт болж байна. Ахмадууд сургууль, цэцэрлэгт хүүхэд зөөгөөд, гэр орны ажил хийхээс гадна тэтгэврээрээ үр хүүхдүүдийнхээ амьдралд тусалж байна. Тиймээс тэтгэвэр бол бүх нийтийн асуудал боллоо. Ирэх жил тэтгэврээ ямар байдлаар нэмэх юм бэ. Өнгөрсөн жилийнх шиг 80 мянган төгрөгөөр нэмж хуураад өнгөрөх үү. Намрын чуулган нээснээс хойш Төрийн ордны баруун хаалган дээр ахмадууд өдөр болгон жагсаж хоолойгоо сөөтөл орилж байна. Ахмадуудын маань чих нь жаахан хатуу байна. Монгол төрийн чих бүр хатуурчихаж. Хариу өгч байгаа хүн алга.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: -Ирэх онд ахмадын тэтгэвэр инфляцтайгаа уялдаад 8-10 хувиар нэмэгдэнэ.