
Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Хотын зах болон алслагдсан бүсээс хичээлдээ явдаг оюутнуудын хувьд замд зарцуулах хугацаа нь зөвхөн хичээлийн цагтаа амжих эсэх тухай асуудал биш юм. Энэ нь тэдний унтаж амрах, хичээлээ хийх, ажиллах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой шууд холбогдоно.
Их сургуулиудын гудамж буюу МУИС, Шихихутаг ИС, Этүгэн их сургууль, ШУТИС, ХУИС, МУБИС зэрэг томоохон их сургуулиуд хотын төвд "уулзвар" үүсгэн зэрэгцэн оршдог. Их сургуулиудын гудамжнаа МУИС-ын Номын сан, МУИС-ийн 4 сургууль, ШУТИС-ийн 3 байрнаас гадна гадаад, дотоод оюутнуудын дотуур байрууд ч хотын зүрхэн хэсэгтээ байрладаг. Эдгээр их сургуулийн оюутан бол хотын аль хэсэгт амьдардгаас үл хамааран өглөө, оройн түгжрэлд орж байж хичээлдээ ирж очихоос өөр замгүй, сонголтгүй.
Оюутнууд өдөр тутамдаа замд хэдэн цаг зарцуулж, түгжрэлээс болж ямар боломжоо алдаж байгааг нийслэлийн гурван өөр зүгээс төвд байрлах сургуульдаа ирдэг гурван оюутны амьдралыг сурвалжиллаа.
Замын хөдөлгөөний нөхцөл оюутнуудын зорчих хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг бодитоор мэдрэхийн тулд өөр өөр чиглэлийн автобусаар зорчиж ажиглав.
Тухайн өдрийн туршилт, хэмжилтээр:
Эдгээр нь зөвхөн тухайн өдрийн ажиглалтын дүн бөгөөд замын нөхцөл байдлаас шалтгаалан өдөр бүр өөрчлөгддөг. Бороотой, цастай, автомашингүй өдөр гэхчлэн өөр өөр нөхцөлд энэ хугацаа уртсах нь элбэг. Оюутнуудын хувьд замд зарцуулж буй энэ хугацаа нь зүгээр нэг А цэгээс Б цэгт хүрэх цаг биш, амьдралынх нь чухал боломжуудаас хумсалж буй алдагдсан боломж юм.
Их сургууль болон коллежид нийт 161 891 суралцагч бий гэсэн тоон мэдээллийг Боловсролын яамнаас гаргажээ. Энэ тоо нэг бүрийн ард түгжрэл гэх биегүй атлаа цаг хугацаа, боломж, эрч хүч, санхүүг хулгайлагч бий.

Орбитод амьдардаг МУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан М.Хандармаа өглөөний хичээлдээ амжихын тулд 06:00 цагт гэрээсээ гардаг. Үүний тулд тэр өглөө бүр 05:00 цагт сэрдэг. Тэрээр хувийн машинаар явж түгжрэлийг “тойрсон” ч нэг цагаас илүү хугацаа зарцуулдаг бол автобусаар зорчиход ойролцоогоор хоёр цаг явдаг аж.
“Ид түгжрэлийн үеэр буюу 07:40, 09:20-ийн хичээлтэй өдөр гэрээсээ дор хаяж 06:00 цагт гарахгүй бол амждаггүй. Үүний тулд 05:00 цагт сэрж, нэг цагийн дотор бүх зүйлээ амжуулаад гардаг” гэж М.Хандармаа ярив.
Орой хичээл нь 17:40 цагт тарах үед буцах хугацаа бүр ч уртасна.
“Автобусанд суугаад 5 шар дээр бууж, цаашаа өөр автобусанд дамждаг. Бөмбөгөрийн уруудах зам асар их түгжрээтэй байдаг болохоор харихад 3–4 цаг зарцуулах тохиолдол ч бий.”
Ийм урт замын дараа гэртээ очиход бие даалт, хичээлээ хийх чадал үлддэггүй байна.
“Үр бүтээлтэй зүйл хийх цаг зав ерөөсөө гардаггүй. Заримдаа яаж унтсанаа ч мэдэхгүй, хувцастайгаа шууд унтчихсан өглөө сэрдэг. Замд явсаар байгаад ядарчихдаг болохоор суунгуут л унтаад өгдөг. Түгжрэлд зарцуулдаг цаг багасвал сургууль дээрээ эрт ирж хичээл, даалгавраа хийх, асуултдаа бэлдэх гээд олон зүйл амжуулж чадна”
Түгжрэлд орсон автобус дотор утсаараа подкаст сонсох, сошиал сүлжээ ашиглахаас өөр үр бүтээлтэй зүйл хийхээс өөр боломж ч, нөхцөл ч байхгүй.
32-ын тойргоос автобусанд сууж хичээлд ирдэг Б.Сүндэръяа замын нөхцөл байдлаас хамааран 06:30–06:50 цагийн хооронд гэрээсээ гардаг гэнэ. Тэрээр сургуульдаа автобусаар 1 цаг орчим явж хүрдэг. Харин орой тараад буцах зам хамгийн хүндрэлтэй байдаг аж.
“Сургууль ч тэр, албан байгууллага ч тэр ижил цагт тардаг болохоор түгжрэлээс болоод автобуснууд нэг талдаа бөөгнөрчихдөг. Холоос ирж байгаа автобусыг даараад хүлээх үү, эсвэл алхах уу гэдэг дээрээ тулдаг. Өвөл хүйтэнд халтиргаа гулгаатай үед алхах их хэцүү.”
Тэрээр автобусны аппликейшн ашиглан автобус нь хол байвал алхахыг сонгодог. Учир нь өмнөх буудлуудаас дүүрч ирсэн автобусанд суух боломж бараг олддоггүй байна.
“Бүх буудал дээрх хүмүүсийг “чихээд” дүүрчихсэн ирж байгаа болохоор багтахгүй. Сүүлд шатахууны очер үүсгэн нэгдүгээр эгнээг дүүргэсэн зохиомол түгжрэлээс болоод цаг гаруй түгжирсэндээ буугаад алхаж харихаас өөр сонголтгүй болсон. Гэртээ харихад маш их ядарсан байдаг болохоор шууд л унтдаг. Өглөө нь хийгээгүй даалгавартай сэрээд, дахиад л автобус хаана явж байгаа бол гэж стрессдэж эхэлдэг.”

Улаанбаатар хотын түгжрэлийн улмаас алдагдсан боломжийн өртөг нь 2021 оны байдлаар 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам.долларт хүрсэн тухай судалгааг MMCG байгууллагаас гаргасан. Бид түгжрэлд нэг жилд Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий 9 хувьтай тэнцэхүйц боломжийг алддаг гэсэн үг. Энэ тоог нийслэлийн хүн амын тоонд харьцуулбал нэг хүнд ногдох алдагдсан боломжийн өртөг 2,478,758 төгрөг. Оюутны нэг семестрийн төлбөртэй ойролцоо дүн.
Нүхтээс сургуульдаа зорчдог О.Хулан өглөөний хичээлдээ амжихын тулд хамгийн оройдоо 06:10 цагт гэрээсээ гарах шаардлагатай болдог. Тэр 05:00 цагт сэрдэг бөгөөд зөвхөн Нүхтийн замаасаа гарахад л 20 минут зарцуулдаг.
“Хамгийн эхний автобусандаа суухгүй л бол 1 цагаас 1 цаг 30 минут хоцордог. Тиймээс л эхний автобусанд заавал амжихийг хичээдэг, тэгэхгүй бол эхний хичээлээ шууд тасална гэсэн үг.”
Яармагийн зам түгжирсэн үед автобус зогсохгүй өнгөрөх тохиолдол олон.
“Автобус пиг дүүрэн ирээд Яармагийн 2-р буудал дээр зогсохгүй шууд явчихдаг. Тийм үед дараагийн автобусыг хүлээх эсвэл Төв номын сан руу 3000 төгрөгөөр явдаг хувийн унаанд суудаг. Автобусанд суусан ч чихэлдээд бариулаас нь барьж чадахгүй, удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогсоход бие засахаас эхлээд маш их хүндрэлтэй байдаг.”
Тэрээр оройн замын түгжрэлээс зайлсхийхийн тулд сургууль дээрээ 20:00 цаг хүртэл суух аргыг хэрэглэдэг байжээ.
“17:30 цагт хичээл тарахад замын нөхцөлөөс шалтгаалаад 2 цаг орчим явж харина. Заримдаа 17:00 цагт гарахад 20:00 цагт гэртээ очих үе ч байсан. Тийм болохоор түгжрэл гайгүй болохыг хүлээгээд сургууль дээрээ үлддэг байв. Гэртээ оройтож очихоор даалгавар хийх ч цаг байхгүй, үүрийн 05:00 цагт сэрж байгаа хүн хурдан унтахыг л бодно.”
Түгжрэл түүний зөвхөн сурлагад бус, цагийн ажилд нь хүртэл сөргөөр нөлөөлдөг байна.
“Манай цагийн ажил нэг минутын хоцролт тутмыг 300 төгрөгөөр тооцож торгодог. Тийм учраас сардаа дор хаяж 50 000 төгрөг цалингаасаа хасуулдаг. Замд үрэгдээд байгаа энэ цагийг буцаагаад авч чадвал өөртөө цаг гаргах эсвэл нэмэлт ажил хийх боломж бүрдэнэ.”
Түгжрэл оюутны амрах, хичээлээ давтах цагаас гадна хөдөлмөрлөж мөнгө олох боломжоос ч хумсалж буй нэг жишээ нь энэ.
Оюутнуудын туршлагаас харахад замын түгжрэл нь зөвхөн зорчих хугацааг уртасгаад зогсохгүй тэдний суралцах боломж, санхүү, физик болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Өглөө эрт босож хамгийн эхний автобусанд амжих, чихэлдэх эсвэл алхах, орой түгжрэл багасахыг хүлээн сургууль дээрээ олон цагаар саатах зэрэг нь тэдний хувьд дасан зохицохоос өөр аргагүй өдөр тутмын стресс болжээ.
Зам дээр алдаж буй 3–5 цаг оюутнуудын унтаж амрах, хичээлээ хийх, өөрийгөө хөгжүүлэх болон орлого олох боломжуудтай хамт үрэгдэж байна. Замд алдсан цагаа хэрхэн буцаан авч, хэмнэх вэ гэдэг нь өнөөдөр Улаанбаатар хотын залуусын амьдралын чанарыг тодорхойлох гол асуудлуудын нэг болсон ч шийдэл нь тодорхойгүй хэвээр байна.