Колумб улсын Меделлин хотын нутаг дэвсгэрт хөрс гулсах үеэр 10 хүн амь насаа алдаж, 15 хүн сураггүй алга болжээ. Аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ тухай мэдээллийг Меделлин хот байдаг Антиокуиа мужийн захирагч Андрес Жулиан олон нийтэд өгчээ. Мужийн захирагчийн хэлснээр Белло дүүргийн ойролцоо хөрс гулсах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Олон хоногийн борооны дараа үерийн болон хөрс гулсах эрсдэлтэй нутаг дэвсгэрээс иргэд оршин суугчдыг нэн яаралтай нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ.
Меделлин нь нийслэл Богота хотын дараа хоёрдугаарт ордог том хот юм. Энэ хотын барилга байшингууд болоод гудамж талбай, зам дээр байсан машинууд газрын хөрс, шавар шалбаагт булагдсан байна.
Антиокуиа нь Колумбын Андын нуруунд байрладаг. Тиймээс борооны улирал эхлэх үед хөрс гулсах нь нийтлэг үзэгдэл юм. Өнгөрсөн сард Меделлин хотын Сабанета дүүрэгт бороо орсны дараа хөрсний гулсалт үүссэн байна. Энэ үеэр таван хүн амь эрсэджээ.