
Хэрэгт холбогдсон улстөрчдийн тоть шиг давтдаг гоншигнол байдаг юм. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж.
Энэ үгийг Агданбуугийн Амар сайд харьд цаазлагдахдаа Монголдоо гомдож хэлээгүй. Харин “Монголын төрд үнэнч зүтгэх халтай юм” гэж оросуудад зориулж хэлсэн юм гэнэ лээ. Ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оны парламентаас эхлээд шүүж харахад, ер нь улсаа бодож зүтгэж яваад ял авчихсан улстөрч байдаггүй юм аа. Эрх мэдэл, төсөв хөрөнгө, мэдээлэлд ойр улстөрчид өөрөөсөө болж шүүхийн хаалга татдаг. Баяраа өөрөө сарвалзаж байгаад ширээн дээрээс уначихаад Дэлгэрийг ховлодог “Би чамд хайртай” киног уншигчид мэднэ. Бааранд зодоон хийж хөмсгөө тэс цохиулсан УИХ-ын гишүүн хүртэл “Засгийн газрыг огцруулах акц хийсний шан юм болов уу” гэдэг мэдэгдэл хийдэг боллоо шүү.
Буруу бүхэн бусдын буруу гэдэг шиг “МАНАН бүлэглэл, хонгилын түлхүүр” ярьж уянгалдаг боллоо. Ял шийтгүүлсэн, одоо ч байцаагдаж яваа сайд, гишүүдийн хэргээс нэгийг ойлгох биз.
УИХ 1998 онд Казиногийн хууль батлаад 1999 онд хүчингүй болгосон. Энэ хооронд одоогийн “Чингис” зочид буудалд казино ажиллуулах тендерт “Монмакао” ХХК-иас хахууль авч, давуу байдал олгосон үйлдлээр хууль хяналтынхан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Батчулуун, УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарт ял сонсгож байв. Энэ бол УИХ-ын гишүүнийг цагдан хорьж шалгасан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн анхны хэргүүдийн нэг.
Төрийн өмчит Хадгаламж банкийг 2006 оны сүүлээр хувьчилсан. Хувьчлалаас өмнө банкны 14.2 тэрбум төгрөгийг завшсан, БНСУ-ын казинод тоглож алдсан зэрэг үйлдэлд Ц.Чимэдцэрэн нарын 13 иргэнийг шалгасан. Уг хэрэгт одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа холбогдож, банкны хөрөнгөөр 19-49УБК улсын дугаартай “Фургон” автомашин хувьдаа авахуулсан үйлдэлдээ 2008 онд Чингэлтэй дүүргийн шүүхээс ял шийтгүүлж Өршөөлийн хуульд хамрагдаж байв.
Есөн сар хоригдсон Ж.Эрдэнэбатын хэрэг Дээд шүүхээс прокурорт буцаж, 2021 оны Цэргийн баяраар УИХ-ын гишүүний тангаргаа өргөв. Тэр бол 2020 оны сонгуулиар шоронгоос УИХ-д “өрсөлдөж” ялсан улстөрч. Түүнийг Ерөнхий сайд байхдаа өөрийн дүү Ж.Эрдэнэтөгсийн “Хэрх Илч” ХХК-д орд өгч улмаар зарсан, Засгийн газрын тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдлаар 8 тусгай зөвшөөрөл олгосон үйлдлээр шалгаж байв. Хоёр шатны шүүх түүнд 6 жилийн ял өгч байжээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард гэрээс нь баривчлав. Түүнийг одоогийн “Галерей Улаанбаатар” буюу хуучнаар Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн балгас, “Өргөө” зочид буудлын хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахахад нөлөөлсөн, Японоос Төв Ганданд өгсөн ТВ9 телевизийг хууль бусаар хувьдаа авсан зэрэг хэрэгт буруутгасан. Шүүх түүнд хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хэргээр нь 2 жил 6 сарын ял оноосон юм. Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг Н.Энхбаярын хамаарал бүхий “Дун өргөө” ХХК-д хямд худалдсан хэргээр нэгэн цагт хотын дарга, УИХын гишүүн явсан Ц.Батбаяр 2 жил 1 сарын ял авсан.
2023 онд Ж.Мөнхбат хүсэлт гарган УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн юм. Энэ бол түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ ахын “Засагт чандмань майнз” ХХК-д давуу байдал олгон Дорноговийн Дэлгэрэх сумыг Сайншандтай автозамаар холбох 163 тэрбум төгрөгийн концесс өгсөн гэх асуудал дэлгэгдсэн үе. “Нүүрсний хэрэг”-т нэр нь наалдсаар яваа. Ажлаа өгсөн Ж.Мөнхбат 2023 оны аравдугаар сард хилээр гарч яваад энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Монголд ирж байцаагдаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2026 оны хоёрдугаар сард магадлангаар суллагдлаа. Тэрээр шүүхээс 2 жил 6 сар хоригдох ял авч, 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөө хураалгасан. Тэрээр уг хөрөнгөө тайлбарлаж чадаагүй юм. Түүнтэй хамт найз нь болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг, компанийн газар, хэлтсийн захирал, мэргэжилтнүүд авлига, мөнгө угаалтын хэргээр шийтгэгдсэнээс үзвэл Т.Аюурсайханы адууны жүчээ, үл хөдлөх хөрөнгүүдийн эх үүсвэр тодорхой мэт.
Ерөнхий сайд явсан С.Баярын хүүхдүүдийн нэр дээр АНУ-ын Сиатл, Нью-Йорк хотуудад 7 ширхэг хаус байжээ. Энэ мөнгөний эх үүсвэр “Петровис трейд”-ээс үүдэлтэй. С.Баяр Оюутолгойн ТУЗ-д байхдаа найз Ч.Даваанямынхаа эл компанид 418.3 тэрбумын шатах тослох материалын орлого олох гэрээ олж өгсөн. Хахуулийн мөнгөө хаус болгосныг нь АТГ илрүүлэн битүүмжилж, шүүхээс өөрт нь 2021 онд 2 жил 6 сарын ял өгсөн. Тэрээр эдлэх ялынхаа заримыг эдлээд магадлангаар суллагдсан. Шүүх С.Баярын авлига, мөнгө угаалтаар олсон хөрөнгүүдийг хураасан юм.
М.Энхсайхан 2014-2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдон 2020 онд 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 онд Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдав. Тэрээр Тавантолгойн уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг төслүүдийг хариуцан ажилласан бөгөөд Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явцад нөлөөлж, албан тушаалаа ашиглаж зарим компанид давуу байдал олгосон үйлдэлд буруутгагдсан. Дүүгийнхээ машиныг 55 сая төгрөг нэмж улсад зарсан үйлдэл ч тогтоогджээ.
2019 оноос АНУ-д орогнож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг саяхан өөрийг нь хэлмэгдүүлж, амь насанд нь халдахаас болгоомжилж байгаагаа дурдсан. Түүнийг 4.4 тэрбум ам.долларыг босгох Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг батлахдаа АМНАТ, татвар, ногдол ашиг хэлбэрээр Монгол Улс гэрээний ашгийг 53%-ийг хүртэх боломжтой байхад Монголын талын эзэмшиж буй 34%-д оногдох хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр тооцсонд буруутгадаг. Мөн Монгол-ОХУ-ын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг Засгийн газарт авахаас татгалзан “Монголын Зэс корпорац”-д УИХ-д танилцуулалгүй шилжүүлсэн үйлдэлд яллагдагчаар татсан.

2009 онд Сангийн сайд С.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн орлогч байхдаа хөрөнгө оруулагч “Айвэнхоу Майнз”-ын хувьцааг ХөОГ-ны дараа өсөхийг Засгийн газрын дотоод мэдээллийг ашиглан тооцож, худалдаж авсан. Дараа нь 3.8 тэрбум төгрөгөөр хувьцаагаа зарж 1.8 тэрбумын ашиг олсон. Түүний оффшорт байгуулсан “ND Harmony LTD” компанийн Швейцар дахь дансны үлдэгдэл 1.6 тэрбум төгрөг, 5 тэрбумын 4 үл хөдлөхийг үндэслэлгүй хөрөнгөжсөнийх гэж үзэж 4.8 жилийн ял оноож байв.
Шадар сайд Ц.Оюунбаатарт 2016 онд Эрүүл мэндийн сайдын үүргийг түр гүйцэтгэх үүрэг оногдсон. Энэ үед хүүгийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбоо” ТББ руу ЭМЯ-наас тэмцээн зохион байгуулахад зориулсан 150 сая төгрөг шилжсэн. Ц.Оюунбаатарын тухайд өмнө нь Монголын тэмээн полоны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байсан тул хардагдах нь лав. Тэрээр уг үйл явдалд хүүгээ биш өөрийгөө холбоотой хэмээн мэдэгдсэн боловч хэрэг одоо хэр эцэслэгдээгүй.
Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “албан үүрэгтээ хайнга хандсан” хэргээр 2021 онд 1 жил хорих ялаар тасласан. Яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Орон нутгийн, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлэх зорилтот төсөл хөтөлбөр”-ийг шалгаруулах явцад агентлаг, яамных нь албан тушаалтан 8 иргэн, 20 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг сонгон шалгаруулалтгүй олгосон. Энэ зохион байгуулалтыг Н.Номтойбаяр хийсэн гэж анхан, давах шатны шүүх ялласан ч УДШ зүйлчлэлийг өөрчилсөн.
З.Баянсэлэнгэ 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа өөрийн шууд болон шууд бус хамааралтай 25 иргэнийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулсан, хөтөлбөрийн бүртгэл зогссон байхад тойргийнхоо 177 иргэнийг хамруулсан гэх хэргээр 19.2 сая төгрөгийн торгох ял шийтгүүлсэн. Мөн түүний төрд ажиллах эрхийг 3 жилээр хассан юм. Тэрээр уг хөтөлбөрт “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны 123 айлын орон сууцыг тендергүй хамруулсан үйлдэлд шалгагдаж байв.
Эрчим хүчний сайд байсан Н.Тавинбэхийг багагүй хугацаанд хорьж шалгаад саяхан суллалаа. Монгол Улс 10 аймгаа Дулааны станцтай болгох талаар 20-иод жил хөөцөлдөж БНСУ-ын Экзим банкнаас зээл авч эхлүүлсэн. Гэтэл захиалагчид хяналт тавихаар шалгарсан компани Н.Тавинбэхийн түрийвч нэгтэй зөвлөхийнх байж таараад, станц барих ажлын явц 45%- тай байхад гүйцэтгэгч ХХК нь дампуурав. АТГ Н.Тавинбэх болон түүний зөвлөхийн 20 гаруй үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр 10 аймгийн дулааны станцынх бөгөөд Гибралтарын оффшороос дамжиж орж ирснийг тогтоов.
Хүчингийн хэргийн дуулианаар 2018 онд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөж байв. Хэрэг нь шүүхээр нотлогдож, 2020 онд хоёр жилийн ял шийтгүүлсэн. Хохирогч бүсгүй шүгэл үлээсний дараа Д.Гантулгаас сэтгүүлчид “Та бандаашаа өмсөөд гарсан уу” гэхэд “Өмсөөд гарсан” гэж хариулснаар нийгмийн шахалтад орсон. Өөр бусад УИХ-ын гишүүний хүчирхийлэлд өртөж байсан олон эмэгтэй энэ явдлын дараа хэвлэл мэдээлэлд хандаж байв.
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас буугаад “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар томилогдсон Д.Хаянхярвааг ажлын байрандаа авлига авч байхад нь АТГ-ынхан барьжээ. Шүүх түүнд 40 сая төгрөгийн торгох, 8 жил төрд ажиллахгүй байх ял оноосон. Ажлын шүүгээнээс нь 6 сая төгрөг, 30 мянган ам.доллар олдсоныг хуулийнхан “Эрдэнэс Монгол” компаниас зарласан тендерт шалгарагсдад давуу байдал олгосны шан харамж хэмээн тайлбарлаж байлаа.
Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаяр нарыг “Энержи Ресурс”-ийн харьяа “Говийн зам” компанид давуу байдал олгож, улсад олон тэрбумын хохирол учруулсан хэргээр олон жил шалгаж, бас шүүж байна. Гэм буруутай гэж шүүх үзээгүй, гэм буруугүйг нь ч тогтоогоогүй “зажилсаар” буй. Мөн Н.Алтанхуягийг шүүх хэдэнтээ цагаатгасан боловч эцэст нь энэ шийдвэрээсээ ухран бас л шалгаж буйг нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах нь бий. Түүнчлэн Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдсон Даваагийн Цогтбаатар торгох, эрх хасах ялаар шийтгүүлсэн. Ял нь хорих ял биш боловч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон байтал тэрээр өөрийн үйлдлийг УИХ-д сонгогдохоос өмнөх явдал хэмээн гүрийсээр.
Улстөрчид гэмт хэрэгт холбогдох явдал үргэлжид улс төрийн маргаан тарьдаг. Төрд зүтгэж явахад хэлмэгдүүллээ, хонгилдлоо, өрсөлдөгчөө зайлууллаа гэж ярьцгаадаг ч нидэр дээрээ жижигхэн эрх ашигтаа бүдэрсэн нь олон. Энэ бүхэн нэг л дүгнэлтэд хүргэнэ.
МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ БУС, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНДЭЭ “ХАЛТАЙ” БАЙХ ЁСТОЙ.
Улс төрийн нөлөө, намын хамгаалалт, хуулийн цоорхой зэргээс шалтгаалан хариуцлагын тогтолцоо төгс хэрэгжиж чадахгүй байгаа нь өөрөө шударга ёсны сорилт болж байна. Албан тушаал хэн нэгнийг хамгаалах бамбай биш, харин илүү хариуцлага хүлээх шалтгаан болдог тогтолцоог бий болгох шаардлагатай.