
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний 8 тохиолдол шинээр батлагджээ.
Өдгөө 46 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 33 хүн бий.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5173 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3252, 5-9 насны 1799 хүүхэд, 15-19 насны 1742 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй.
Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдаж, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.