
Канадад гарсан олон зуун ойн түймрийн өтгөн утаа АНУ-ын зүүн хойд бүсийг бүрхэж, эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
Агаарын чанарыг хянадаг "IQAir" байгууллагын мэдээлснээр пүрэв гарагт Детройт хотын бохирдлын индекс 600-д хүрсэн нь АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас тогтоосон "эрүүл мэндэд маш аюултай" түвшнээс хоёр дахин их үзүүлэлт юм.
Миннесота, Мичиган, Иллинойс мужийн хойд хэсэг, Огайо мужийн хойд хэсэг, түүнчлэн Канадын Онтарио муж даяар утааны бохирдол аюултай түвшинд хүрсэн байна. Миннеаполис, Милуоки, Торонто зэрэг томоохон хотуудад ч мөн адил гамшгийн хэмжээний заалт бүртгэгджээ. Миннесотагаас Мэрилэнд муж хүртэлх нийт 10 орчим мужийн зарим бүс нутагт агаар "хүний биед хортой" гэж ангилагдсан байна.
Утааны улмаас Миннесота мужид зохион байгуулагдах ёстой байсан гадаах үйл ажиллагаанууд, үзэсгэлэн худалдаа, тэр дундаа Миннеаполисын гаднах амфитеатрт болох байсан "Creed" хамтлагийн тоглолт цуцлагдсан байна. Мөн тус хотын нийтийн усан сан, гольфын талбай зэрэг гадаах бүх хөтөлбөрүүдийг түр хаажээ.
Нью-Йорк хотод тэнгэр улбар шар өнгийн манангаар бүрхэгдэж, агаараас хиншүү үнэртэж байсан тул хотын захиргаанаас иргэдийг гадаа байх хугацаагаа хязгаарлахыг уриаллаа. Ялангуяа өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх судас болон уушгины өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав.

Энэхүү аюултай нөхцөл байдал нь ирэх ням гарагт Нью-Жерси мужид 80 000 гаруй хөгжөөн дэмжигч цуглах хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтоос хэдхэн хоногийн өмнө тохиож байгаа юм. Хотын захиргаанаас иргэдэд зуу зуун номын сан, цагдаагийн хэсэг, гал түймэртэй тэмцэх газруудаар дамжуулан KN95 амны хаалтыг үнэгүй тарааж байна.
Пүрэв гаргийн өглөөний байдлаар Канад улс даяар 858 түймэр асаж байгаагаас 111-ийг нь хяналтад авч чадаагүй байна. Түймрийн ихэнх нь Манитоба, Саскачеван, Онтарио зэрэг төвийн мужуудад гарчээ. Албан ёсны мэдээллээр энэ жилийн түймрийн улиралд Канадад нийт 5.9 сая акр газар шатжээ.