
Америкийн модернист яруу найргийн томоохон төлөөлөгч Уильям Карлос Уильямс энэ өдөр төржээ. Тэрээр яруу найрагч төдийгүй эмч, хүүрнэл болон жүжгийн зохиолч, эсээч байв. Өдөр тутмын амьдрал, жирийн хүмүүсийн яриа, хотын дүр төрхийг яруу найргийн материал болгон авч, шүлгийг уламжлалт хэлбэрээс салган амьд хэлэнд ойртуулахыг зорьсон нь түүний уран бүтээлийн гол онцлог байлаа.
SPRING AND ALL
Уильямсын хамгийн чухал бүтээлийн нэг бол “Spring and All” юм. Уг номд үргэлжилсэн зохиолын хэсгүүд болон чөлөөт шүлгүүд ээлжилж, уламжлалт яруу найргийн хэлбэрээс эрс өөр бүтэц бий болгосон байдаг. Номд түүний хамгийн алдартай шүлгүүдийн нэг болох “The Red Wheelbarrow” багтдаг.
“Spring and All” нь Уильямсын хувьд шинэ хэл, шинэ дүрслэл хайсан нэг төрлийн уран зохиолын тунхагаас гадна эрэлхийлэл байв. Тэрээр хийсвэр, ерөнхий санаанаас илүү бодит эд зүйл, газар орон, хүний харах нүдэнд ойр дүрслэлээр дамжуулан ертөнцийг яруу найргаар дахин бүтээхийг эрмэлзсэн билээ.
PATERSON
Уильямсын уран бүтээлийн оргилд “Paterson” зүй ёсоор ордог. Нэр нь Нью-Жерси мужийн Патерсон хотоос гаралтай бөгөөд хотын түүх, хүмүүсийн амьдрал, зохиогчийн хувийн дурсамж, захидал, баримт, яруу найраг зэргийг нэгэн бүтцэд нэгтгэсэн модернист бүтээл юм.
Анхны дөрвөн ном нь 1946–1951 онд тус тус хэвлэгдэж, тавдугаар ном нь 1958 онд гарчээ.
Энд “хот” нь зүгээр нэг үйл явдал өрнөх газар бус, харин амьд биет мэт дүрслэгддэг. Патерсон хотын түүхээр дамжуулан Америкийн нийгэм, хүний амьдрал, хэл, ой санамж, цаг хугацааг судалсан нь уг бүтээлийг XX зууны Америкийн модернист яруу найргийн томоохон жишээ болгосон. Тиймдээ ч “Paterson: Book III” нь 1950 онд "National Book Award"-ын яруу найргийн шагналыг хүртсэн байна.
KORA IN HELL
“Kora in Hell” бол Уильямсын эрт үеийн хамгийн зоримог туршилтуудын нэг. Энд тэр уламжлалт шүлгийн зохион байгуулалтаас татгалзаж, богино хэмжээний зохиол, поэтик хэсгүүд, гэнэтийн дүрслэл, чөлөөт холбоос бүхий хэлбэрээр ажилласан байдаг. "New Directions" хэвлэлийн тайлбарт уг бүтээлийг “прозын шүлгийн импровизаци” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь зохиолчийн хожмын хэлбэрийн эрэл хайгуулын суурь бүтээлүүдийн нэг юм.
Энэ номоор Уильямс утга санааг заавал логик дарааллаар өгүүлэх шаардлагагүй, харин төсөөлөл, хэлний хэмнэл, дүрслэлийн мөргөлдөөнөөр шинэ утга үүсгэж болохыг туршжээ.
PICTURES FROM BRUEGHEL AND OTHER POEMS
Түүний амьдралын сүүл үеийн бүтээлүүдийн нэг болох “Pictures from Brueghel and Other Poems” нь Уильямсын дүрслэх урлаг, яруу найргийн холбоог харуулдаг. Тэр Голландын зураач Питер Брёгелийн бүтээлүүдийг шүлгийн хэлээр дахин тайлбарлаж, уран зурагт харагдах хүмүүс, хөдөлгөөн, улирал, өдөр тутмын амьдралыг үгээр “зурах” оролдлого хийсэн юм.
Энэ бүтээл нь түүний насны эцэст ч хэлбэрийн эрэл хайгуул, бодит дүрслэлээсээ ухраагүйг харуулдаг. Тус номоороо Уильямс 1963 онд "Pulitzer Prize for Poetry" шагналыг хүртсэн аж.
THE DESCENT OF WINTER
“The Descent of Winter” бол Уильямсын зохиол ба яруу найргийн заагийг эвдэх оролдлогыг туршсан бүтээлүүдийн нэг. Тэр шүлэг, дүрслэл, дотоод монологийг хольж, уламжлалт өгүүлэмжээс өөр бүтэц бий болгосон байдаг. “Spring and All”-ын адил уг бүтээл нь түүний хэлбэрийн шинэчлэл хийх эрмэлзлийг тодорхой харуулна.
Уильямсын эрэл хайгуулыг нэгтгэн харвал “The Descent of Winter” нь түүний хожмын бүтээлүүд дэх туршилтын эхлэл билээ. Тэр яруу найргийг, үргэлжилсэн үгийг тусад нь ангилах ёстой гэх заагийг бүдгэрүүлж, амьдралын бодит туршлагыг олон хэлбэрээр илэрхийлэхийг зорьжээ.