Өмнөд Африк улсын шүүх зургаан настай охиноо худалдсан Келли Смит гэх 35 настай эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо. Бяцхан охиныг худалдсан хэрэгт хамтарсан Келли Смитийн найз залуу болон сайн найзад нь хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж мөн бүх насаар нь хорих ял шийтгэл оноожээ. Эдгээр гурван хүнд хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар ийнхүү бүх насаар нь хорих ял, үүн дээр нэмж хүүхэд хулгайлсан хэргээр 10 жилийн хорих ял шийтгэлийг өгсөн байна.
Жошлин Смит охин өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Салдана Бэй гэдэг газарт байдаг гэрээсээ ор сураггүй алга болжээ. Салдана Бэй нь Өмнөд Африкийн Кейптаун хотоос хойшоо 135 км орчим зайд байдаг загасчдын тосгон юм. Энэ үеэс хойш охиныг эрэн хайх ажлыг улс даяар зохион байгуулсан боловч одоо хүртэл сураг нь гараагүй. Эцэст нь түүний ээж найз залуу болон найзынхаа хамтаар охиныг худалдсан хэргээ хүлээсэн. Энэ нь Өмнөд Африк улсыг төдийгүй дэлхий дахиныг цочроосон аймшигтай хүнд гэмт хэрэг болсон юм.
Жошлиныг алга болсны дараа эхэндээ ээж нь сэтгэлээр унаж байгаа мэт дүр эсгэж байжээ. Жошлин охин ногоон нүдтэй, бор өнгийн үс, цайвар царайтай байсан. Охины цэвэр тунгалаг, өвөрмөц дүр төрх Өмнөд Африкийн уламжлалт анагаах ухааны эмчийн сонирхлыг татаж эхэлсэн байна. Тиймээс ээж нь охиныг 20 000 рэнд буюу ойролцоогоор 1100 ам.доллараар худалдсаныг тогтоожээ.
Охиныг эрэн хайх ажлыг улс даяар зохион байгуулж байгаа ч хараахан олдоогүй. Өмнөд Африкийн Засгийн газар охиныг эргүүлж олж авчирсан хүнд нэг сая рэнд буюу 54 000 ам.долларын шан харамж амласан. Энэ долоо хоногт охиныг хайх ажлын явцыг дахин сайжруулж, хайгуулын хүрээг Өмнөд Африкийн хилийн бүс нутгаар тэлсэн гэдгээ Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага мэдээллээ.
Охиноо худалдсан хэрэгт буруутгагдсан Келлигийн шүүх хурал энэ оны гуравдугаар сард эхэлсэн. Шүүх хурлын үеэр түүний ээж буюу охины эмээ болон сүмийн пастор, охины багш зэрэг гэрчүүд мэдүүлэг өгчээ. Тэдний гэрчилснээр Келли Смит 2023 онд охиноо худалдах санаагаа анх гаргасан байна. Охины эмээ зургийг нь барьж шүүх хуралд оролцжээ. Шүүх гэмт этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноосны дараа шүүх танхимд байсан хүмүүс алга ташин баяр хүргэсэн байна.
Шүүгч Натан Эрасмус шүүхийн тогтоол шийдвэрийг уншиж танилцуулсан. Гэхдээ ээж нь чухам яагаад охиноо худалдсан тухай тайлбарлаагүй байна.