
Дрон зураг, агаарын дүрслэлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох "Annual SkyPixel Photo & Video Contest 2026" уралдааны ялагчид албан ёсоор тодорлоо. Энэ удаагийн тэмцээн нь 11 дэх жилдээ зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчдийн өрсөлдөөн урьд өмнөхөөс илүү ширүүссэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.
Энэ удаагийн тэмцээнд 96 улс, бүс нутгаас нийт 95 мянга орчим бүтээл ирсэн байна.
Ийнхүү гэрэл зургийн төрөлд тэргүүн байрыг гэрэл зурагчин Филип Гребендийн Норвегийн байгалийн өвөрмөц тогтоц, манан будан дундах хадан гарцыг уран сайхны өндөр түвшинд дүрсэлсэн “The Gate” бүтээл хүртжээ.






Харин видео төрлийн дрон ангилалд “Africa Unseen” бүтээл шалгарсан бөгөөд Африкийн зэрлэг байгаль, ан амьтдын амьдралыг кино урлагийн түвшинд харуулснаараа онцлог байв. Гар төхөөрөмжөөр бүтээсэн видео ангилалд "AYANG"-ийн “Elsewhere The Gaze Can Always Arrive” бүтээл тэргүүлсэн байна.
Энэ жилийн тэмцээн “Frame Your World” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид өөрсдийн харах өнцөг, өгүүлэмжийг бүтээлдээ тусгахыг зорьжээ. Нийт 53 төрлийн шагнал гардуулж, ойролцоогоор 200 мянган ам.долларын шагналын сантай байснаараа онцлог болов. Тэмцээний шилдэг бүтээлүүд нь зөвхөн техникийн гүйцэтгэлээр бус өгүүлэмж, сэтгэл хөдлөл, кино найруулгын шийдлээрээ ялгарчээ.