
Лаос улсын төв хэсэгт үерт автсан агуйд гацсан долоон тосгоны оршин суугчийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Тэднийг аюулгүй гаргахын тулд нэмэлт хүчилтөрөгч шаардлагатай байгааг ажиллагаанд оролцож буй Тайландын аврагчид мэдэгдлээ.
Эдгээр хүмүүс тавдугаар сарын 19-нд Саясомбоун муж дахь алслагдсан агуй руу ан амьтан болон алт хайхаар орсон байна. Гэвч хүчтэй аадар борооны улмаас үер болон хөрсний нуралт үүсэж, агуйн гарц хаагдсанаар тэд дотор нь гацжээ.
Лхагва гарагт аврагчид таван хүнийг агуйгаас эсэн мэнд олсон юм. Тэд усанд хүрээлэгдсэн хад чулуун дээр сууж байжээ. Харин өөр хоёр хүн одоо хүртэл сураггүй хэвээр байгаа аж.

Пүрэв гарагт 2018 онд Тайландын Там Луанг агуйд гацсан өсвөрийн хөлбөмбөгчдийг аврах ажиллагаанд оролцож байсан Тайландын аврах ажиллагааны мэргэжилтэн Кенгкард Бонкавон дараагийн алхам бол “тавууланг нь агуйгаас гаргаж ирэх” явдал гэж мэдэгджээ.
Тэрээр энэ аврах ажиллагаа маш хүндрэлтэй гэдгийг онцолж, хэдэн зуун метр үргэлжлэх маш нарийн хонгил, тэр дундаа 27 метр урт бүрэн усанд автсан хэсгийг үл тоомсорлож болохгүй гэжээ. “Хамгийн том аюул бол агаар дуусах болон хавчигдан гацах эрсдэл. Тиймээс шууд хэрэгжүүлэх боломжтой, бүрэн хамгаалалттай аврах нөөц төлөвлөгөө хэрэгтэй” хэмээн тэр Фэйсбүүк хуудастаа бичсэн байна.
Мөн “Бид аль болох олон хүчилтөрөгчийн баллон зээлэх хэрэгтэй. Агуйн үүдэнд хүчилтөрөгч цэнэглэх станц байгуулахыг хүсэж байна” гэжээ.
Кенгкард Бонкавон хэлэхдээ сураггүй байгаа хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгдээд ар гэрийнхэнд нь “найдвараа бүү алдаарай” хэмээн уриалсан байна.
Агуй дотор гацсан хүмүүсийн анхны зурагт таван хүн хад чулуун ирмэг дээр сууж байгаа нь харагдсан бөгөөд тэд толгойн гэрэлтэй малгай өмссөн, инээмсэглэж, аврагчдад талархан гараа хавсарч мэхийж байжээ.
Тэднийг амьд олсны дараа газрын дээр ажиллаж байсан аврах багийнхан баярлан үсэрч, тэврэлдэж буй дүрс бичлэг сошиал сүлжээнд нийтлэгдсэн байна.

Лаосын аврах багийн гишүүн Кенгкард Бонкавон Luanglath Associated Press агентлагт илгээсэн дуут зурвастаа “Би одоо хүртэл чичирч байна. Манай баг чадлаа” гэж хэлжээ.
Тэрээр мөн сураггүй байгаа хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилнэ гэдгийг онцолсон байна.
Аврагчид гацсан хүмүүст хүрэхийн тулд 340 метрийн урт, маш төвөгтэй хонгилоор нэвтрэх шаардлагатай болсон гэж ажиллагаанд оролцсон Метта Тхам Каласин мэдээлжээ.
Агуйн зарим хэсэг бүрэн харанхуй, хэсэгчлэн үерт автсан, маш нарийн буюу өргөн нь ойролцоогоор 23 инч буюу 58 см орчим байжээ. Аврагчид хонгилоор нэвтрэхдээ биеэ хажуу тийш нь эргүүлж, шахаж мөлхөх шаардлагатай болж, зарим үед тоног төхөөрөмжөө тайлж байж нарийн хэсгээр гарсан байна.
Мөн зарим хонгил бүрэн усанд автаж хоёр хүн зөрөх боломжгүй нарийн тул аврагчид хоорондоо байнгын холбоотой ажиллаж байгаа аж.
Эдгээр хүмүүс одоогоор ес дэх өдрөө агуйд гацаж байгаа бөгөөд энэ хэрэг 2018 онд Tham Тхам Луанг агуйд 12 өсвөрийн хөлбөмбөгч гацсаны дараах 18 хоног үргэлжилсэн дэлхий нийтийн анхаарал татсан аврах ажиллагааг олон хүнд сануулж байна.