
Ромын пап XIV Лео баасан гарагт Өмнөд Америкийн орнуудыг бүс нутгийн тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэхийг уриаллаа. Тэрбээр улс төрийн хуваагдал гүнзгийрч буй, католик шашинтнууд олноор амьдардаг тус бүс нутагт 12 хоногийн хугацаанд гурван улсад айлчилна.
Пап лам Латин Америкийн улс төрийн хувьд харьцангуй тогтвортой ардчилсан орнуудын нэг болох Уругвайд хүрэлцэн ирснээр айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр Уругвайн дараа Аргентин, Перу улсад айлчлах юм. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд Католик шашны тэргүүний гадаад улсад хийх хамгийн ачаалалтай айлчлалуудын нэг болох төлөвтэй байна.
Пап ламыг Монтевидео хотын Карраско нисэх онгоцны буудалд газардахад Уругвайн Ерөнхийлөгч Яманду Орси болон цэцэг барьсан хоёр хүүхэд угтан авчээ. Тэрээр Тусгаар тогтнолын талбайд цугларсан 30 000 орчим хүнд хандан үг хэлж Өмнөд Америкийн засгийн газрууд олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлэхийг уриалсан байна. "Ялгаатай байдал амархан зөрчил мөргөлдөөний эх үүсвэр болж болох өнөө үед хууль дээдлэх, хэлэлцээ хийх, харилцан тохиролцоонд тэвчээртэйгээр хүрэх зарчмыг тууштай баримтлах нь Уругвай хөрш орнууддаа үзүүлж болох хувь нэмэр юм" гэж XIV Лео хэлжээ. Тэрбээр Уругвайн гурван хотод айлчлах юм.
71 настай пап лам өнгөрсөн сард уушгины хорт хавдрын улмаас мэс засалд орсон бөгөөд гурван улсад хийх айлчлалынхаа хүрээнд олон арван арга хэмжээнд оролцоно.
Ватикан энэ долоо хоногт түүний мэс заслын дараах биеийн байдал бүрэн сэргэсэн учир айлчлалын үеэр эмнэлгийн тусгай нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Пап лам нийт 10 хотод айлчилж 31 000 км зам туулж, 36 удаа үг хэлэхээр төлөвлөжээ.
Чикаго хотод төрсөн ч Перу улсад хэдэн арван жил амьдарсан XIV Лео энэхүү айлчлалаа "удаан хугацаанд амьдарч, өөртэй нь ойр дотно холбоотой болсон газрууддаа эргэн очиж буй хэрэг" гэж үзэж байгаа хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни тайлбарлажээ.
XIV Леогийн өмнөх пап лам, Аргентинд төрсөн Франциск 2018 онд Перуд айлчилсан боловч эх орондоо эргэж очиж байгаагүй юм. 1980-аад оны сүүлчээс хойш пап лам Аргентин болон Уругвайд айлчлаагүй байна.