
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно. Тус хүндэтгэлийн тоглолтыг энэ оны арваннэгдүгээр сарын 27-нд хийхээр товложээ.
Тоглолтод УДБЭТ - ын гоцлол, найрал дуучид, балетын жүжигчид, симфони найрал хөгжим, Улаанбаатар театрын уран бүтээлчид , ҮУИТ-ын найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
Мөн АЖ А.Долгор, Чингис хаан одонт дуучин, МУГЖ Б.Дашдондог, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, МУГЖ У.Далантай, төгөлдөр хуурч С.Алимаа, "Sweetymotion" хамтлаг зэрэг байгууллага, уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр болжээ.
Д.Лувсаншарав нь ардын аялгууны уянга, үндэсний хөгжмийн өнгө төрхийг мэргэжлийн хөгжмийн зохиомжтой хослуулсан олон талт уран бүтээлч байв. Тэрбээр “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Хэрлэн”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг 400 гаруй дуу, романс туурвиснаас гадна “Хан бүргэд”, “Шивээ Хиагт”, “Ард Аюуш”, “Нүцгэн ноён” зэрэг дууриуд, “Нарны домог”, “Бөртэ чоно” зэрэг бүжгэн жүжгийн хөгжмийг бүтээжээ.
Мөн “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг олон киноны хөгжим бичиж, Монголын кино, театр, дуурь, бүжгийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний бүтээлүүд ардын аялгууны энгийн атлаа сэтгэлд хоногших увдисыг хадгалж, монгол хүний эх орон, хайр дурлал, амьдралын баяр гунигийг хөг аялгуугаар илэрхийлсэн үндэсний хөгжмийн үнэт өв болон үлджээ.