
Гамби улсын эрх баригчид ерөнхийлөгч асан Яхья Жаммегийн АНУ дахь харшийг худалдсан орлогыг түүний засаглалын үед хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоход зарцуулахаар болсноо мэдэгджээ.
Гамби улсын Нөхөн төлбөрийн комисс мягмар гарагт ерөнхийлөгч асан Яхья Жаммегийн эзэмшиж байсан, АНУ-ын нийслэл Вашингтон хотын чинээлэг захын дүүрэг болох Мэрилэнд мужийн Потомак дахь үл хөдлөх хөрөнгийг 2.5 сая гаруй ам.доллароор худалдсан аж.
2017 онд дуусгавар болсон Жаммегийн 22 жилийн засаглалын үед хүний эрхийн зөрчлийн улмаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох зорилгоор тус комиссыг байгуулсан юм.
Комиссоос гаргасан мэдэгдэлд “Уг хөрөнгийг Гамби улсын Төв банк дахь Нөхөн төлбөрийн сангийн дансанд шууд байршуулсан бөгөөд зөвхөн хохирогчдод нөхөн төлбөр олгоход зарцуулна” гэдгийг дурджээ.
Жамме 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Адама Барроуд ялагдсаны дараа эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзсан юм. Гэвч Баруун Африкийн хөрш орнуудын шахалтаар албан тушаалаасаа огцроход хүрч өдгөө Экваторын Гвинейд амьдарч байна.
Түүнийг улс төрийн өрсөлдөгчдийнхөө амийг хөнөөх, хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох, хүчингийн болон эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн засаглалыг удирдаж байсан гэж буруутгадаг.
Мөрдөн шалгах комиссын тооцоолсноор, хоёр сая орчим хүн амтай, Их Британийн колони байсан тус улсад Жаммегийн хүчний байгууллагын ажилтнууд 240–250 хүний амийг хөнөөсөн байна.