
Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна. Угтаа 2026 оны хоёрдугаар улиралд сарын дундаж цалингийн нэрлэсэн хэмжээ 3.03 сая хүрсэн гэх боловч бодит цалингийн индекс 1.8 хувиар буурчээ. Дагаад инфляц дахин өссөн. Цалин нэмэгдсэн гэх сайхан тоо бидэнд байгаа боловч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ бараг л сар тутамд нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадварт дэмжлэг болсонгүй.
Цалин хэдэн хувиар нэмэгдсэнийг ярихаас илүүтэй тус мөнгөөр өмнөхөөсөө хэдий хэмжээний бараа, үйлчилгээ авч чадаж байгааг асуух цаг болжээ. Өрхийн орлого өссөн ч хүнс, орон сууц, тээвэр, боловсрол, эрүүл мэнд зэрэг зайлшгүй хэрэглээний зардал хэд дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл орлогын өсөлт дангаараа амьжиргааны түвшин дээшилснийг илэрхийлэхгүй. Үүнийг бодит цалин, бодит орлого, өрхийн зарлага зэрэг үзүүлэлтээр хамтад нь харах шаардлагатай. Иргэдийн хувьд сарын эцэст гар дээр үлдэх мөнгө, төлж чадаж буй төлбөр, авч чадаж буй хүнсний хэмжээ л эдийн засгийн бодит байдлыг илүү тодорхой хэлнэ. Тиймээс эдийн засгийн бодлогын зорилго зөвхөн сайхан тоо гаргах бус, өрхийн амьдралд ямар үр өгөөж авчирсныг хэмжихэд чиглэх ёстой.
Өнөөдөр нэг өрхийн төсөвт хамгийн түрүүнд дарамт болж буй зүйл бол зайлшгүй хэрэглээний зардал. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 21.5 хувиар өссөнөөс мах, махан бүтээгдэхүүний үнэ 48.4 хувиар нэмэгджээ. Түүнийгээ дагаад хүнс, байр, дулаан, цахилгаан, шатахуун, нийтийн тээвэр зэрэг зардлыг хойшлуулах боломж хязгаарлагдмал учраас үнэ өсөх бүрд өрхийн бусад хэрэглээ танагддаг. Үүний цаана хуримтлал хийх, боловсролдоо хөрөнгө оруулах, эрүүл мэнддээ анхаарах зэрэг урт хугацааны хэрэгцээ үгүй болно. Ийм нөхцөлд цалингийн өсөлт бодит амьдралд хүрч байгаа эсэхийг зөвхөн дундаж үзүүлэлтээр хэмжихэд хангалтгүй. Орлого багатай өрхүүдэд үнийн өсөлтийн дарамт хэрхэн тусаж байгааг тусгайлан хардаг тогтолцоо хэрэгтэй. Учир нь дундаж тоо бүх айлын амьдралын бодит дүр зургийг адилхан илэрхийлдэггүй.
Нөгөө талд цалин нэмэх бодлого өөрөө буруу зүйл бус, харин түүнийг эдийн засгийн бүтээмжтэй уялдуулах нь чухал. Хэрэв цалин өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх өртөг нэмэгдэж, нийлүүлэлт хангалтгүй хэвээр байвал үнэ дагаж өсөх дарамт үүснэ. Харин бүтээмж, үйлдвэрлэл, өрсөлдөөн, нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадвал орлогын өсөлт илүү тогтвортой үр өгөөж авчирна.
Тиймээс цалингийн өсөлтийг зөвхөн төсвийн зардал гэж харах бус, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлоготой хамтатгах шаардлагатай юм. Ажлын байр бий болгож байгаа ч тухайн ажлын байр иргэнд бодит амьдралын баталгаа болж чадаж байна уу гэдэг асуулт мөн адил чухал.
Үүнээс гадна үнийн өсөлтийг зөвхөн иргэдийн хэрэглээний асуудал гэж харах нь учир дутагдалтай. Үнэ тогтвортой байх эсэхэд импортын бараа, валютын ханш, тээвэр логистик, эрчим хүч, үйлдвэрлэлийн зардал, зах зээлийн өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Монгол Улс олон төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд импортоос хамааралтай хэвээр байгаа нь гадаад орчны үнийн өөрчлөлтийг дотоодын зах зээлд хурдан дамжуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцыг бууруулахын тулд зөвхөн мөнгөний бодлогоор хязгаарлах бус нийлүүлэлтийн талын асуудлуудыг давхар шийдэх шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэл, хадгалалт, тээвэр, агуулахын тогтолцоо сайжрах тусам үнэ тогтвортой байх боломж бүрдэнэ. Иргэдийн халаасыг хамгаалах хамгийн найдвартай арга нь орлогыг өсгөхөөс гадна шаардлагагүй үнийн дарамтыг бууруулж, эдийн засгийн орчныг бүрдүүлэх юм.
Өрхийн санхүүгийн дарамтыг бууруулахад зөвхөн цалингийн бодлого хангалтгүй гэдгийг орон сууцны үнэ, зээлийн төлбөр, боловсролын болон эрүүл мэндийн зардал ч харуулж байна. Орлого нэмэгдсэн ч ипотекийн төлбөр, түрээс, хүнсний зардал зэрэг тогтмол төлбөрүүд илүү хурдтай өсвөл иргэдийн чөлөөт орлого нэмэгдэхгүй. Улмаар хүмүүс зээлээр хэрэглээгээ нөхөх, хуримтлалаа зарцуулах, ирээдүйн орлогоо өнөөдөр хэрэглэхээс өөр аргагүйд хүрч байгаа. Энэ нь өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, эдийн засгийн аливаа савлагаанд иргэдийг илүү өртөмтгий болгоно. Иймээс бодлого боловсруулагчид цалин хэд болсон бэ гэхээс гадна өрхийн өр, зардал, хуримтлал ямар түвшинд байна вэ гэдгийг зэрэг харах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж байж сая бодит амьдралд мэдрэгдэнэ.
Эндээс харахад бидэнд цалингийн өсөлтийг зарлахын зэрэгцээ түүний үр өгөөжийг хэмждэг шинэ хандлага хэрэгтэй байна. Нэрлэсэн цалин өссөн үү гэдгээс гадна бодит цалин нэмэгдсэн үү, өрхийн орлого өссөн үү, хэрэглээний дарамт буурсан уу гэдгийг тогтмол харуулах шаардлагатай. Мөн инфляцын өсөлт ямар бүлгийн иргэдэд хамгийн хүчтэй нөлөөлж байгааг нарийвчлан тооцож, бодлогоо түүнд нийцүүлэх нь зүйтэй. Эдийн засгийн үзүүлэлт сайжирсан тухай мэдээ иргэдийн өдөр тутмын амьдралтай зөрөх тусам статистикт итгэх итгэл буурна. Хэдийнэ буурчихсан, ирээдүйдээ бус маргаашдаа ч итгэл алдарсан дийлэнх иргэд усан бороон дундуур толгой гудайлган амьжиргаандаа санаа зовнисоор ажил руугаа гэлдэрцгээж харагдана.