
БНСУ-ын давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын гэргий, тэргүүн хатагтай асан Ким Гон Хид оногдуулсан долоон жилийн хорих ялыг таван жил болгон бууруулсан талаар Yonhap агентлаг мэдээлэв.
Ким Гон Хи нь улс төрийн туслалцаа, албан тушаалын томилгоотой холбоотой дэмжлэг үзүүлснийхээ хариуд өндөр үнэтэй бэлэг, эд зүйлс авсан хэрэгт буруутгагдсан. Тэрээр өмнө нь өөрт нь тавьсан хэргүүдийг няцааж байсан ч анхан шатны шүүх зургадугаар сард бүх зүйл ангиар буруутай гэж үзэн долоон жилийн хорих ял оноосон юм.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа Кимийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, Дээд шүүхэд дахин давж заалдахаа мэдэгджээ.
Тусгай прокурорын багийн мэдээлснээр Ким Гон Хид нийтдээ ойролцоогоор 300 сая воны үнэ бүхий бэлэг, эд зүйл хүлээн авсан гэх хэрэг үүсгэсэн. Үүнд үнэт эдлэл, алтан яст мэлхийн чимэглэл, Dior цүнх, Vacheron Constantin цаг болон уран зураг багтжээ. Анхан шатны шүүх эдгээр бүх зүйл ангиар түүнийг буруутай гэж үзсэн юм.
Түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сард онц байдал зарлаж цэргийн дэглэм тогтоох оролдлого хийсэнтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорч, улмаар бослого зохион байгуулсан хэрэгт бүх насаараа хоригдох ял сонссон. Юны хэрэг одоо давж заалдах шатны шүүхээр хянагдаж байна.