
Нийслэлийн иргэдийн соёл урлагийн боловсролыг дэмжих, үндэсний дүрслэх урлагийн өв уламжлал, орчин үеийн бүтээлч сэтгэлгээг олон нийтэд сурталчлан таниулах мэргэжлийн уран бүтээлчдийн “Орд” үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Тус үзэсгэлэнд нийт 88 уран бүтээлчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд үүнээс хоёр “Шилдэг” бүтээл, нэг “Гран-При” бүтээлийг шалгаруулжээ.
“Орд” үзэсгэлэн нь мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадвар, үнэт зүйл шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, Монгол үндэстний дахин давтагдашгүй онцлог, өвөрмөц сэтгэлгээ, соёлын илэрхийллийг харуулах, дүрслэх урлагийг нийтэд сурталчлан таниулах зорилготой.
Мөн соёлын боловсролыг нэмэгдүүлэх, биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, шинэ уран бүтээлчдийг таниулах, хүүхэд, залуучуудад урлагийн боловсрол олгох, сонирхлыг нь хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Үзэсгэлэн энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.