
Apple компани 15 жилийн турш технологийн аваргыг удирдсан Тим Күүк албан тушаалаасаа бууж, түүний оронд шинэ гүйцэтгэх захирлаар Жон Тернусыг томилсноо мэдэгдлээ.
Одоогоор тоног төхөөрөмжийн инженерчлэлийн хэлтсийг удирдаж буй Тернус нь Apple-д 25 жил ажилласан туршлагатай бөгөөд есдүгээр сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээн авна. Харин Күүк гүйцэтгэх захирлын албан тушаалаас буусны дараа гүйцэтгэх зөвлөлийн дарга болох аж.
Күүк 2011 онд компанийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобс эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэр зуны хугацаанд Тернустай шилжилтийн үйл явцыг хамтран зохион байгуулж, дараа нь бодлого тодорхойлогчидтой харилцах зэрэг зарим чиглэлээр компанид үргэлжлэн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Күүк уг албан тушаалаас буух шийдвэр нь Apple шинэ залгамжлагч хайж байна гэсэн олон сарын өмнөөс гарсан таамаглалыг баталлаа. Тэрээр энэ ажлыг “амьдралынх нь хамгийн том завшаан” гэж тодорхойлж, удирдлагынхаа хугацаанд Apple-ийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болгож чадсан юм. 2018 онд Apple зах зээлийн үнэлгээгээр 1 их наяд ам.доллар давсан анхны олон нийтийн компани болж байсан бол одоо 4 их наяд ам.долларт хүрээд байна.
Күүк Тернусыг “инженерийн сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, шударга удирдагч” хэмээн тодорхойлж, “компанийн ирээдүйг удирдах хамгийн зөв хүн” гэдгийг онцолжээ.
Тернус Apple-д ажилласан хугацаандаа iPad, iPhone-ийн олон үе, AirPods болон Apple Watch-ийн нээлт зэрэг бараг бүх томоохон бүтээгдэхүүн дээр ажиллаж Mac компьютеруудыг Apple-ийн өөрийн процессорт шилжүүлэх ажлыг ч удирдсан. Тэр мөн Жобсын дор ажиллаж байсан бөгөөд Күүкийг “өөрийн багш” гэж нэрлэсэн байна.
Шинэ удирдагчийг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн суурьтай хүнээр сонгосон нь Apple инновацийн хувьд сул байна гэсэн шүүмжлэлийг арилгах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Форрестерийн шинжээч Дипанжан Чаттержи компанийн санхүүгийн тогтвортой байдлыг Күүк сайжруулсан ч iPhone шиг шинэ том бүтээгдэхүүн гаргаж чадаагүйг онцлов.
Мөн DA Davidson & Co компанийн Гил Луриа Apple цаашид эвхэгддэг утас, зүүдэг төхөөрөмж зэрэг шинэ бүтээгдэхүүнд илүү анхаарна гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Apple хиймэл оюуны (AI) салбарт өрсөлдөгчдөөсөө хоцорсон гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ч өөрийн үйлдлийн системд OpenAI-ийн ChatGPT-г нэгтгэсэн. Энэ мэдэгдлийн дараа OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “Тим Күүк бол домог” хэмээн бичжээ.