
Монгол Улсын экспортын өсөлт 2015 оноос хойш жил тутам тогтмол 30 гаруй хувиар нэмэгджээ.
Өсөлтийн дийлэнхийг уул уурхай, эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа юм. Тэр хэрээр Монгол Улсын эдийн засаг ганцхан салбараас хэт хамааралтай болж байна. Нэг талаас эдийн засгийн өсөлтийг тэтгэж, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа ч нөгөө талдаа ганц “том” салбараас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг цар тахал бидэнд бэлхнээ харуулчихсан. Тэгвэл эдийн засгийн засгийг, экспортыг төрөлжүүлэх хамгийн боломжит салбар нь юу вэ. Өнгөрсөн жилүүдийн тоон үзүүлэлтийг харвал хөдөө аж ахуйн салбар л бидний боломж гэлтэй. 1995 онд Монгол Улсын экспортод гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг, 2000 оны үед тал хувийг дангаар бүрдүүлж байсан хөдөө аж ахуйн салбарын экспорт сүүлийн жилүүдэд буурсаар, өнөөдөр 10 хувьд хүрэхээ больжээ. Энэ оны 10 сарын байдлаар манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 2.4 хувийг нэхмэл эдлэл, 1.3 хувийг үндсэн төмөрлөг, 1.4 хувийг мал, амьтад, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, 0.5 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн эзэлжээ.
Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, улсын хөгжил цэцэглэлтийг хангахад хамгийн чухал нь экспорт. Хэдийгээр манай улсын экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч экспортолж байгаа барааны нэр төрөл төдийлөн өөрчлөгдөөгүй. Сүүлийн 15 жилд цайрын хүдэр, хар тугалганы хүдэр, лаазалсан мах, хадгалсан мах, тосны ургамлын үр, рапс, ноосоор хийсэн нэхмэл даавуу зэрэг 10 хүрэхгүй бүтээгдэхүүн шинээр экспортолжээ. Нэр төрлөөс гадна экспортын бүтцийн хувьд нэг салбараас хараат байдал нэмэгдсээр байгааг анхаарах шаардлагатай.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн
Манай экспортын 93 хувийг уул уурхайн салбарын, 7 хувийг уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Сүүлийн 20 жилийн статистикийг харвал нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн. Энэ хэрээр уул уурхайн бус бүтээгдэхүүний эзлэх хувь буурсаар байна. Гэхдээ уул уурхайн бус салбарт нэг сая гаруй хүн ажиллаж, ДНБ-ий дийлэнхийг энэ салбар бүтээж, ажиллах хүчний оролцоо өндөр энэ салбарыг дэмжих нь нийгмийн өндөр ач холбогдолтой.
Уул уурхайн салбар нь манай улсын экспортын дийлэнхийг бүрдүүлж байгаа ч уул уурхайн бус салбарын нийгэм, эдийн засгийн оролцоо өндөр хэвээр. Тухайлбал, уул уурхайн бус салбарт 94 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бол нийт ажиллах хүчний 75 хувь нь салбарт ажилладаг. Мөн манай улсын ДНБ-ий 87 хувийг бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 25 хувь нь уул уурхайн бус салбарт орсон зэрэг олон тоон мэдээлэл ч үүнийг нотолно.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа
Ажил хийж байгаа 100 хүн тутмын 25-26 нь хөдөө аж ахуйн салбарт, 50 орчим нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол уул уурхайн салбарт 6 орчим хувь нь ажилладаг. Хэдийгээр уул уурхайн салбар нь манай улсын экспортын 93 хувийг дангаар бүрдүүлж байгаа ч илүү капиталын орц ихтэй, ажиллах хүчний оролцоо багад тооцогдсон салбар. Энэ ч утгаараа хөдөө аж ахуйн болоод үйлчилгээний салбарын бүтээмж, дундаж цалингийн хэмжээ бага байдаг. Жишээ нь уул уурхайн салбарын ажиллагсдын сарын дундаж цалин 5.1 сая төгрөг байгаа бол хөдөө аж ахуйн салбарынх 1.7 сая төгрөг орчим байна. Иймээс уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг, ашгийг нэмэгдүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна.
Салбарын орлогыг нэмэх хөшүүрэг нь мэдээж экспортыг нэмэгдүүлэх. Уул уурхайн бус салбарын экспортын 35 орчим хувийг ноолуур, ноос зэрэг нэхмэл эдлэл, арьс ширний экспорт бүрдүүлдэг. Жилдээ 400 сая ам.доллароор хэмжигдэх экспорт хийдэг эдгээр бүтээгдэхүүний экспорт 2025 онд өсжээ. Үүнд 2022 онд батлагдсан ноолуурын техникийн зохицуулалт энэ оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нь гол нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, самнаснаас дээш шатны боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох зохицуулалт хэрэгжсэнээр угаасан ноолуурын экспорт зогссон. 2025 оны 10 сарын байдлаар манай улс 2.9 сая тонн самнасан ноолуур экспорт, 244 сая доллар олсон нь өмнөх оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлт боллоо. 2024 оны байдлаар угаасан ноолуурын экспортын үнэ кг нь 53.8 ам.доллар байсан бол самнасан ноолуур түүнээс 1.8 дахин өндөр буюу 98.7 ам.доллар байна.
Уул уурхайн бус бусад экспортын голлох бүтээгдэхүүнийг харвал хонины ноосноос 4.5 сая доллар, амьд мал, амьтдын гаралтай бүтээгдэхүүний экспортоос 170 сая доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортоос 41.8 сая доллар олжээ.
Монголбанкны “Ноолуурын салбарын үйлдвэрлэл, санхүүжилтийн дэлгэрэнгүй судалгаа”-ны үр дүнгээс харахад салбарын аж ахуй нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа явуулахад эргэлтийн хөрөнгийн болоод хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дутагдал гол хүндрэл гэж дурджээ.

2025 оны III улирлын байдлаар боловсруулах үйлдвэрлэлийн салбар дунджаар 11.2 хувийн жилийн хүүтэй, 28 сарын хугацаатай зээлийн нөхцөлтэй байгаа нь уул уурхайн салбартай харьцуулахад илүү бага хувийн хүүтэй, урт хугацаатай санхүүжилт авч байна. Тэр дундаа “Ноолуур боловсруулах салбар”-ын зээлийн нөхцөлийг харвал ББСБаас 20.2 хувийн хүүтэй, 26.9 сарын хугацаатай зээл авч байгаа бол хувь хүн, аж ахуйн нэгжээс 13.3 хувийн хүүтэй, 25.6 сарын хугацаатай, харин банкнаас 8.8 хувийн хүүтэй, 23.1 сарын хугацаатай зээл авч байна.
Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй нөхцөлт зээлийн хүү бусад санхүүгийн байгууллагын зээлээс хүүгийн хувьд бага ч хугацаа хэт богино байна. Төвбанкнаас эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой ЖДҮ, уул уурхайн бус салбарын экспортын нэмэгдүүлэхээр 2020 оны IV улирлаас репо санхүүжилт олгож эхэлсэн.Энэ хүрээнд стратегийн гол нэрийн нөөц бүрдүүлэх салбарт 943 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээний салбарт 340 тэрбум төгрөг, уул уурхайн бус экспортын бусад салбарт 135 тэрбум төгрөг гээд нийт 1.4 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оны төгсгөлд ХХААХҮЯ болон арилжааны 10 банк “Ноос ноолуур арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээ”-г байгуулсан байдаг. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 168 зээлдэгчид 473 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тодруулбал, 366.3 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон бөгөөд салбараар нь харвал ноолуурын салбарт хамгийн их хэмжээний зээл олгожээ. Энэ мэт төрөөс тодорхой хэмжээнд санхүүгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгож байгаа ч өнөөдөр аж ахуйн нэгжүүд санхүүжилтийн хүндрэлтэй нүүр тулсаар байна. Санхүүгийн хүндрэлээс гадна ажиллах хүчний хомсдол, эдийн засгийн тодорхой бус байдал үйл ажиллагаанд саад учруулж байгааг ч судалгаанд дурджээ. Цаашид барьцаа хөрөнгө шаардсан банкны зээлээс өөр илүү уян хатан, нийлүүлэлтийг, сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай байна.
Экспортын төрөлжилтөөр дэлхийн 134 улсаас 117-д орж байгаа бол гадаад худалдаа, хил дамнасан худалдааны үзүүлэлтээрээ дэлхийн 190 орноос 2016 онд 74-д жагсаж байсан бол 2020 онд 143-т орж 71 байраар ухарчээ.
Энэ мэт Монгол Улс өнгөрсөн хугацаанд экспорт нэмэгдлээ гээд бардамнаж байгаа ч бодит гаргасан амжилт хангалтгүй байгаа нь дээр дурдсан судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна.
Худалдааны бодлогыг нэгдмэл, зангидсан байдлаар хэрэгжүүлээгүй нь үүний шалтгаан гэлтэй. Уул уурхайн бус экспорт зөвхөн бараа биш үйлчилгээний экспортын боломж ч манай улсад бий. Аялал жуулчлал, ачаа тээвэр, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт бид үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх орон зай байгаа. Гэхдээ одоогийн бидний боломж нь хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа ноолуур л байна. Ноолуурын техникийн зохицуулалтаас орлого нэмэгдэж байгаа хэдий ч түүхий эд бэлтгэгч малчид, хоршоодоос эхлээд нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоог боловсронгуй болгох, үүнд түшиглэсэн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай. Энэ оноос Евразийн хэлэлцээрийн хүрээнд 204 нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн гаалийн татваргүй болохоос гадна өмнө байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг илүү үр дүнтэй ашиглах боломж нь үүнээс хамаарах юм.