
НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх шинэ улс төрийн тунхаглал 20 гаруй жилийн хугацаанд анх удаа гишүүн орнуудын нэгдсэн зөвшилцөлгүйгээр батлагдлаа.
Нью-Йорк хотод болсон өндөр түвшний уулзалтын үеэр НҮБ-ын гишүүн 149 улс дэмжсэн энэхүү тунхаглал нь 2030 он гэхэд ДОХ-ыг нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн аюул биш болгох дэлхий нийтийн хамтын зорилтыг дахин баталгаажуулах зорилготой.
ХДХВ-ийн бодлогын асуудлаарх улс төрийн зөрчил улам нэмэгдэж, олон улсын тусламжийн санхүүжилт буурсны улмаас зарим оронд урьдчилан сэргийлэх, шинжилгээний хөтөлбөрүүдэд дарамт үүсээд буй.
АНУ энэхүү баримт бичгийн эсрэг санал өгсөн бөгөөд түүнтэй хамт ОХУ, Израил, Буркино Фасо, Бурунди, Умард Солонгос, Нигери, Саудын Араб мөн эсэргүүцжээ. Харин өөр 14 улс түдгэлзсэн санал өгсөн байна.
Тунхаглал нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй боловч ирэх таван жилийн хугацаанд дэлхийн ХДХВ-ийн эсрэг үйл ажиллагааны улс төрийн чиглэлийг тодорхойлдог онцлогтой. Тиймдээ ч өмнө нь үргэлж зөвшилцлөөр батлагддаг байжээ. Энэ удаад зөвшилцөлд хүрч чадаагүй нь хүний эрх, оюуны өмч болон ХДХВ-ийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны ирээдүйн талаарх санал зөрөлдөөн улам гүнзгийрснийг харуулав.
АНУ-ын тал мэдэгдэхдээ, уг тунхаглалд олон улсад тохиролцсон ХДХВ-ийн зорилтуудаас давсан, "хуваагдал үүсгэж буй сэдвүүд" орсон учраас эсэргүүцсэн гэжээ. Үүнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх заалтууд, мөн оюуны өмч болон технологи дамжуулалтын талаарх хэллэгүүд багтсан байна.

Санал хураалтын дараа ЕХ болон түүний гишүүн орнуудын нэрийн өмнөөс Кипр улсын төлөөлөгчийн хийсэн мэдэгдэлд, "бидний баталсан энэхүү баримт бичгийн ерөнхий тэнцвэр, зорилго, амбиц нь 2021 оны өмнөх тунхаглалтай харьцуулахад сул байгаад гүнээ харамсаж байна" хэмээн дурджээ.
Өнгөрсөн жил The Lancet HIV сэтгүүлд нийтлэгдсэн загварчлалын судалгаагаар олон улсын санхүүжилт буурснаар 2030 он гэхэд дэлхий даяар ХДХВ-ийн шинэ халдварын тоо 10.8 саяар нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцоолсон байна.
Мөн UNAIDS болон ДЭМБ АНУ болон бусад томоохон донор орнууд, тухайлбал Их Британийн санхүүжилт буурсан нь ДОХ-той холбоотой нас баралтыг хэдэн саяар нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ.
Үүний улмаас Өмнөд Африк, Зимбабве, Гаити зэрэг орнуудын эмнэлгүүд ХДХВ-ийн шинжилгээний үйлчилгээгээ танаж, урьдчилан сэргийлэх эмийг үнэ төлбөргүй тараах хөтөлбөрүүдээ зогсооход хүрсэн.
Хэдийгээр АНУ-ын зарим тусламжийн санхүүжилтийг сэргээсэн ч Дональд Трампын засаг захиргаа ЛГБТКю+ нийгэмлэгтэй холбоотой бодлогыг чангатгаж, трансжендэр хүмүүсийн эсрэг бодлого хэрэгжүүлэн, хүний хүйсийг зөвхөн төрөх үеийн эрэгтэй эсвэл эмэгтэй гэж тодорхойлсон гүйцэтгэх захирамжуудыг гаргасан байна.
Саяхан хэвлэлүүдэд Нигери дахь "кито" халдлагын талаар мэдээлсэн бөгөөд эдгээр халдлагын үеэр ЛГБТКю+ хүмүүсийг урхидан дуудаж, хулгайлан, сүрдүүлэн мөнгө нэхэж, зарим тохиолдолд тэдний ХДХВ-ийн халдварын талаарх мэдээллийг ил болгож байгаа юм.
Энэ нь ХДХВ-тэй хүмүүсийг улам ихээр гадуурхагдах, нийгмээс тусгаарлагдах, эмчилгээ, тусламж үйлчилгээ авах боломжоо алдах эрсдэлийг нэмэгдүүлэв.
Энэ долоо хоногт НҮБ-ын ХДХВ-ийн асуудал хариуцсан агентлагийн тэргүүн АНУ-аас Өмнө Африкт олгож байсан ХДХВ/ДОХ-ын бүх санхүүжилтийг зогсоох шийдвэр нь хүний амь насанд сөргөөр нөлөөлж, энэ чиглэлээр олсон ахиц дэвшлийг ухраах магадлалтайг анхааруулжээ.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, энэхүү санхүүжилтийн таналт нь Өмнөд Африкийн эрх баригчид цагаан арьст цөөнх болох африканер иргэдийн эрх ашгийг хангалттай хамгаалж чадахгүй байна гэсэн Вашингтоны байр суурьтай хэсэгчлэн холбоотой ажээ.