
Италийн Сардини арал дахь нэгэн далайн эрэгт 10-65 насны хүмүүс шүхэр барихыг хориглосноор тус улсын эргийн маргаантай холбоотой шинэ асуудал үүсээд байна.
Сардинийн зүүн өмнөд эрэгт орших Вилласимиус хотын Пунта Молентис далайн эрэгт байгаль орчноо хамгаалах зорилгоор орон нутгийн захиргаа хэд хэдэн шинэ журам хэрэгжүүлжээ.
Нийтийн эзэмшлийн далайн эрэг дээр хөл тавихын тулд 10 еврогийн төлбөр төлөхөөс гадна зөвхөн 10-аас доош насны хүүхэдтэй гэр бүлүүд болон 65-аас дээш насныхан л шүхэр барих эрхтэй болсон байна. Тэд ч гэсэн нэг л шүхэр барихыг зөвшөөрчээ.
Энэ шийдвэр амрагчдын дургүйцлийг төрүүлж, цахим орчинд гайхшрал, егөөдөл дагуулсан төдийгүй арьсны хорт хавдар болон халуунд цохиулах эрсдэлийн талаар шүүмжлэх шалтгаан болжээ.
Вилласимиус хотын зөвлөлийн Фэйсбүүк хуудсанд нийтэлсэн журмын доор нэгэн хэрэглэгч: “Шүхэр барихын тулд би хүүхэд түрээслэх хэрэгтэй юу?” хэмээн бичсэн бол өөр нэг нь “Маргааш далайн эрэг рүү шүхэртэй очихын тулд өвөөгөө дагуулж явах эсвэл өнөөдрөөс маргаашийн хооронд хүүхэдтэй болох хэрэгтэй юм байна” хэмээн хошигножээ.
Зарим хүмүүс Пунта Молентисийг бойкотлохыг уриалсан бол бусад нь нарнаас аюулгүй хамгаалж болох өөр далайн эрэг рүү явахаа мэдэгджээ.
Пунта Молентис далайн эрэг өнгөрсөн оны долоодугаар сараас хойш хаалттай байсан бөгөөд тухайн үед галдан шатаагчдын үйлдлээс үүдэлтэй томоохон ой, хээрийн түймэр гарсан юм.
Вилласимиусын захиргаа байгалийн өвөрмөц тогтоцоо хамгаалахын тулд илүү хатуу журам тогтоох шаардлагатай болсон гэж мэдэгдсэн байна. Пунта Молентис нь тусгай хамгаалалттай байгаль хамгааллын бүсэд оршдог.
Захиргааны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд “Хүний үйл ажиллагааны нөлөөг хязгаарлаж, энэхүү байгалийн өвийг ирээдүй үеийнхэнд хадгалан үлдээх шаардлагатай байна” гэжээ.
Мөн амрагчид асар, майхан болон сүүдэрлэх бусад байгууламж барихыг хориглосон байна. Эдгээр журам аравдугаар сарын эцэс хүртэл хүчинтэй байх аж.
Үүний зэрэгцээ Венец хотын ойролцоох Жезоло далайн эрэгт эрх баригчид амрагчдын хоорондын зайг нэмэгдүүлэх зорилгоор нарны ор, шүхрийн талбайн тоог 20 000-аар бууруулжээ.
Италийн нийтийн далайн эргүүд ихэвчлэн хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Үүний нэг шалтгаан нь хувийн далайн эргийн клубүүдэд нарны ор, шүхэр түрээслэх үнэ эрс өссөнтэй холбоотой юм.
Италийн хамгийн том хэрэглэгчийн эрх хамгаалах байгууллага болох Altroconsumo-ын мэдээлснээр хувийн далайн эрэг дээр хоёр нарны ор болон нэг шүхэр түрээслэх дундаж үнэ сүүлийн таван жилд 24 хувиар, зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 6 хувиар өсжээ.
Үүний үр дүнд олон итали хүн хувийн далайн эргийн клубүүдээс татгалзаж байгаа бөгөөд үнэ төлбөргүй нийтийн далайн эргийн тоог нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнүүд сүүлийн жилүүдэд эрчимжих болсон байна.