
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулах талаар ЕТГ-аас мэдээллээ.
ЕТГ-ын дэд дарга Э.Золбоо: Монгол Улсын төрийн тэргүүн байгаль орчноо хамгаалах чиглэлд онцгой анхаарч, олон ажил хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 2022 оноос хойш тус нуурын эргэн тойрныг цэвэрлэх, ойн сан газрын нөхөн сэргээлтийг хийх, нуурт живсэн 11 автомашин, 50 тонн бензин, шатахууныг татан гаргасан. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгох шийдвэр гаргасан. Энэ нь төр Хөвсгөл нуураа хамгаалалтад авч, онцгой ач холбогдол өгч байгаа хэлбэр. Үүний дагуу энэ жилийн зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ныг хүртэл нуурын эргэн тойрныг иж бүрэн цэвэрлэж, хоёр сарын аян зарлаж байна.
Хөвсгөл нуураас Эгийн гол эх авдаг. Тиймээс энэ орчмын 800 орчим км газар нутгийг цэвэрлэнэ. Цэвэрлэгээний ажилд төрийн болон төрийн бус байгууллагад, нутгийн иргэд гээд 1000 орчим хүний бүрэлдэхүүн оролцоно.
Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн: Ерөнхийлөгч ус, гол мөрнийг хамгаалах чиглэлээр зургаан төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Хөвсгөл нуур, Ганга мөрөн, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуур гээд зургаан гол мөрнийг хамгаалах ажил хийж байгаа. Хамгаалалтын хашаа барих, цэвэрлэх зэрэгт анхаарч байгаа. Мөн нуурын гүнд судалгаа, шинжилгээ хийж байна.
Хөвсгөл нуурыг хамгаалах ажил маш амжилттай хэрэгжиж байна. Иж бүрэн цэвэрлэгээний ажил эхэлж байна. Төсөлд нэгдэх хүсэлтэй бүх хүнд нээлттэй.
Нуурын тахилгыг ирэх наймдугаар сарын 02-нд тооцоолсон. Тахилгаас өмнө нуур хамгааллын асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.