
Бусдад сайрхах зүйлгүй эгэл дурсамжуудаас энэ бүхэн эхэлжээ. Болжморын далавч шиг зөөлөн, жижигхэн гараас нь хөтлөөд аав нь түүнийг дагуулан жимсэнд явна.
Тэдэнд түүж үзээгүй жимс гэж үгүй. Хүнсэнд хэрэглэх ногоон сонгино, халиар, мөөг, жуцай зэрэг ургамлуудыг ч аав нь хаанаас олохоо сайн мэднэ. Борооны дараах мөөгөн хүрээ дээрээс манан өндийх агшны үзэсгэлэн нүдэнд нь тодхон. Моддын навчис сэрчигнэж, өвс ургамал бүжигчин адил салхины аясаар намилзах агшны үзэмжүүд харц булаана. Аавынх нь цуглуулгад байдаг пост картууд дээрээс олж харсан Оросын зураач Иван Шишкиний уран зураг дотор орчихсон юм шиг мэдрэмж төрнө. Гэхдээ тэр тухайн үеийн мэдрэмжүүдээ хадгалж үлдээгүй ч байгалиас хэрхэн тайвшралыг авч, өөрт хэрэгтэй зүйлийг дотроо яахин оршоохыг сурчээ. Аав Н.Баярсайхан нь сайхан зурахаас гадна аливаад гарын дүйтэй, уран бүтээлч, урлагийн мэдрэмжтэй нэгэн байв. Тэр хүн байгалиас юуг нь авч амьдрал ахуйдаа хэрэглэх, бас юуг буцааж өгөх, яаж хайрлахыг мэднэ. Чин сэтгэлээс үүдсэн гэгээн бүхэн эргэн тойрондоо гэрэл тусгадаг жамтай. Энэ л хайраар хүмүүжиж, аавын алганы дулаанд өссөн учраас Б.Тамирын хувьд байгаль гэдэг бол зэлүүд тал, туулж барамгүй цөхрөлд туйлдуулах элсэн далай биш. Үзэгдэл, дүр төрх бүхэн нь нүднээ үзэсгэлэн тодруулах яруу сайхан орон гэр.
Харин гэрэл зураг гэдэг түүний хувьд өөрийн гэсэн оюун санаатай зүйл. Тэдгээрийг агшны мэдрэмжээр уяхаас гадна санамсаргүйгээр камерын дуранд ч буулгачихаж болдог аж. Илүүтэй хэв загвар, дүрэмд хашигдалгүй өөрийн мэдрэмж, заримдаа огтоос санаандгүй байдлаар дарсан зургууд түүнд таалагдана. Тэдгээр зургуудаас анирдаж болох олон янзын хэл, үнэр, чимээ бий. Тиймээс ч тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ “Чимэгэ” хэмээн нэрлэжээ. Өдгөө гэрэл зураг авахын хажуугаар дизайнераар ажиллаж байна. Б.Тамир 2018 онд “Бидэн дээр туссан сүүдэр” үзэсгэлэнгээ толилуулж байсан боловч тодорхой сэдэвт зангидаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хөндсөн, хүмүүст чиглүүлэх өгүүлэмж байсан учраас уран бүтээлийн хувьд анхны үзэсгэлэн нь “Чимэгэ” болохыг онцолсон юм.
“Нэрийн хувьд мэдээж ойлгомжтой байгаа. Гэхдээ тайлбарын хувьд гэвэл монгол бичиг нь хүний хэл, хоолойн онцлогыг бичиглэлдээ шингээсэн байдаг. Тиймээс чимээ гэхээс илүүтэй чимэгэ гэвэл аялгуутай санагдсан. Энэ бол хэлбэр төдий зүйл биш учраас хүмүүст уг нэр хүрэх байх. Тэгээд ч үзэсгэлэнгээр дамжуулан байгалийн чимээг хүргэхийг зорьсон. Тэр чимээ уянгалаг, аниргүйд нь хүртэл эшиг байдаг”.
Зүүдний өнгөАлдарт гэрэл зурагчин Эллиот Эрвитт “Гэртээ сууж байхад чинь юу ч болдоггүй. Үргэлж камераа бариад явах нь давуу тал юм. Тухайн үед юу миний сонирхлыг татаж чадаж байна, түүнийг л би дардаг” хэмээсэн үгс гэрэл зурагчдын тухай энгийн үнэнийг өгүүлсэн, хамгийн оновчтой зөвлөгөөг өгсөн мэт санагддаг. Үнэхээр гэрэл зурагчин хүн гэртээ л суугаад байвал юу ч болохгүй шүү дээ. Зохиолч хүн байнга уншиж, дуучин хүн үргэлж нот цээжилж байх ёстой. Үүнтэй адил гэрэл зурагчин камераа бариад гадагш гарах тохиолдолд онцгой зүйлсийг бүтээж чадна. Мэдээж энэ нь тухайн хүний сонирхол, мэдрэмжтэй холбоотой. Зарим нь баримтат гэрэл зургийг онцгойлж үзэх бол цөөнх хэсэг нь зөвхөн өөрийн мэдрэмжид тулгуурлана. Бүтээлч ажил илүү үнэртсэн, урсгал чиглэлээр өөр, өөр байх нь дамжиггүй. Харин Б.Тамирын хувьд эл үзэсгэлэн бол өөрийгөө чөлөөлөх оролдлого гэдгийг тэр онцолж байв.
“Бага насаа эргэн дурсах сайхан байна. Гэхдээ одоо бодоод байхад би эргээд л бага насныхаа үе рүү, байгаль руу буцаад ирж байгаа юм болов уу даа. Том болохын хэрээр ганцаардах, гуниглах үедээ байгалийг зорьдог болсон. Тэнд өөртэйгөө илүүтэй тулж, бодож, бясалгаж чадна. Мөн хэцүү асуудал тохиолдсон үед тайвшралыг байгалиас эрдэг болчихож. Тэгээд нүдэнд минь үзэгдэж буй зүйлсийн үзэсгэлэнг, харахад төрж байгаа тэр нэг мэдрэмжийг буулгаж авахыг хүсдэг. Мөн түүнийгээ бусадтай хуваалцахыг зорино. Харин үзэсгэлэнгийн хувьд гэвэл өнөөдрийг хүртэл авсан зургууд, тэдгээртэй холбогдох цаг хугацаа, түүн доторх мэдрэмжүүд гээд маш олон зүйлийг энд дуусгаж, өөрийгөө чөлөөлөх ёстой юм шиг мэдрэмж төрсөн. Бие даасан уран бүтээлч хүн үзэсгэлэн толилуулж, дотоод ертөнцөө ил гаргахад зориг шаарддаг. Магадгүй би их удаан хугацаанд өөр дотуураа эргэлдсэн байх. Тиймээс чөлөөлөлт хэрэгтэй”.
Бага насных нь мэдрэмж, аавтайгаа, ахтайгаа өнгөрүүлсэн халуун дотно дурсамжууд нь магадгүй байгалийг зорих жим рүү хөтөлжээ. Түүний яриа алс холыг зорьсон нэгэн яг л “Алхимич” зохиолын баатар буцаад гэртээ ирдэг шиг өөр лүүгээ улам өнгийж, өөртөө эргэн ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Байгальд тэр илүү их бодож, аливаа зүйлсийг тунгааж, гоо зүйг нь таашааж сурчээ. Бадаг навчис усанд унах адил нам гүмийн доторх бүдэг чимээг ч мөн олж сонссон шиг бодогдоно. Тиймээс ч зургуудаа “нам гүмийн дүрслэл” хэмээн тодорхойлсон байна. Харин одоо түүнээс өөрийгөө чөлөөлсөн, гэхдээ хагацаагүй.
Түүний төрсөн ахыг Б.Амар гэдэг. Мөн л гэрэл зурагчин. Мэдээж дэргэд нь гартаа камер барьсан хүн зураг дарж байхад ямар ч хүүхдийн сониуч зан хөдөлнө. Угаас түүнд байгалиас заяасан төрөлхийн нэг юм бий. Тиймдээ ч аялал, зугаалганы үеэр ч юм уу, заримдаа ахтайгаа байхдаа камерын тохиргоог нь заалгаж, найз нөхдийнхөө хүрээнд зураг дарчихдаг байв. Дурангийн нүдээр шагайж үзсэн тэр л мэдрэмж хүүд цоо шинийг, тэс өөр ертөнцийг, магадгүй уран зохиол, кино дэлгэцээс л шимтэн үздэг ид шидийг нээж өгчээ.
“Би анхны зургуудаа зургаадугаар ангидаа хальсны камераар дарсан. Тухайн үед 12 хоногийн аяллаар англи хэлний сургалтын төвийн хүмүүстэй хамт явсан юм. Бид Тэрхийн цагаан нуур, Булган аймаг гээд л Монголынхоо олон сайхан газраар зочилсон. Тухайн цаг хугацаанд дарсан зургууд маань одоо бодоход үнэ цэнтэй санагддаг. Магадгүй анхных, нөгөөтээгүүр хүчтэй дурсамж зэрэг нөлөөлсөн биз. Намайг есдүгээр ангид байхад ах маань дижитал камертай болж байсан. Мэдээж би түүгээр нь ч зураг дарсан. Гэрэл зургийн талаар ойлголтгүй, ур чадваргүй атлаа дотоод тэмүүллээрээ, санаандгүй авчихсан гоё зургууд байдаг”.
Хамгийн анхны камераа тэр 2013 онд цалингийн зээлээр авчээ. Ингээд тэр өөрийнхөөрөө бүтээл туурвих эрх чөлөөтэй болов. Тайлагдашгүй, усан будгийн давхарлага адил байгалийн агшин зуурын өнгө төрх үл давтагдана. Усан будаг бол хэзээд зураасыг баллуурдаж, засах боломжгүй тийм ажил. Талбиун цагаан хуудас дээр татсан л бол Жэксон Поллокын мэдрэмж дотроосоо гүйцэд юүлэгдтэл хүлээхтэй адил. Байгаль гэдэг тийм үзэсгэлэнтэй, сүрдмээр, гүн нууцлаг агаад агшин бүр нь өнө мөнхийн гоо сайхан. Жаргах наран уулын орой руу ойртох бүрийд нуурын эрэгт анир чимээгүй аажимхан сэрнэ. Өнө мөнхийн сайхан нь цогцолсон хязгаар бүхэн цаг хугацаанаас ангид орших мэт анир чимээгүйн үзэсгэлэн мөн. Харин одоо энэ бүхэн түүний өмнө, хэзээд очиж тайтгарал эрдэг аглаг нь болжээ.
Анир гүм нутаг минь.“Нэрт гэрэл зурагчин Стив Макк - Карригийн гэрэл зураг авах арван дүрэм гэж бий. Түүний арав дахь нь эхний есөн дүрмийг март гэсэн байдаг. Ер нь хүүхэд томрох тусмаа амьдралын сайн, муутай хутгалдаж, дүрэм журмын талаар ойлголттой болсноор зөн, мэдрэмжээ гээчих гээд байдаг талтай. Тиймээс би анх дарж байсан зургууддаа дуртай байдаг. Мэдээж бидний дунд чиний дарсан эхний арван мянган зураг бол “буллшит” гэх яриа байдаг. Гол нь яг л хүүхэд шиг зөн билэг, мэдрэмжээрээ, аливаа зүйлд хашигдаж, дүрэмд захирагдалгүй бүтээх л чухал. Гол нь өөрөө юунд тэмүүлж, хүсэж буйгаа ойлгох хэрэгтэй. Түүнээс гэрэл зураг авч сурч байхад сайн, муу зураг гэх үнэлгээ бол ёстой л мянга дахь асуудал”.
Б.Тамир зургууддаа нэр оноогоод байдаггүй аж. Байгалийг илүү өргөн, уужим цэлгэр өнцгөөр авсан зургууд түүнд цөөнгүй. Тэнгэр, газрын савслага нь шувууны жигүүр цуцам дайдад хүрч нийлэх тийм хязгааргүй үргэлжлэх орон зайг зурагт буулгасан учир нэр өгч титэмлэнэ гэхээр бүтээлээсээ авах тав тухтай мэдрэмжээ үгүйсгэчих гээд байсан болов уу. Харин “Чимэгэ” үзэсгэлэнгийн бусад зургууд бол илүү детальны аж. Мөнхүү зарим бүтээлдээ оноосон тайлбар нь нэршил гэхээсээ яруу найргийн мөр шиг сэтгэгдэл төрүүлнэ. Угаас түүний бүтээлд яруу найргийн нөлөө их. Үзэл бодол нь төлөвшихөд хайку болоод Д.Батбаярын “Сайхныг бүтээхүйн нууц”, “Бүтээхүйн зүй тогтол”, Д.Нямсүрэнгийн шүлгүүд, Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод”, Т.Содномнамжилын “Огторгуйн очир” зэрэг бүтээл ихэд нөлөөлжээ. Эдгээр ном түүнд дүрслэлийн талаар ямар ч гэрэл зургийн сургалтаас илүүг заасан гэдгийг онцолж байв.
“Зургуудын маань ихэнх нь мод, ус, навч, өвс зэрэг байгаль эхийн урласан зүйлс байгаа. Гэхдээ тэд бол их ойн, тэнгис далайн, уужим талын нэгээхэн хэсэг болсон жижиг зүйлс. Тэдгээрийн үнэ цэнийг надад мэдрүүлсэн нь харин яруу найраг, хайку юм л даа. Жишээ нь би Д.Нямсүрэн найрагчийн дөрвөн боть бүхий шүлгийн түүврээс өвс гэх үг орсон шүлэг бүрийг түүвэрлэж үзэхэд 30 төрлийн өвс байсан. Заримынх нь нэршлийн утгыг толиос хайж байж л ойлгосон. Тэгээд би гэнэт өвс байсан бол ертөнц ингэж харагдах болов уу гэж төсөөлсөн. Энэ нь надад нэг тийм тэсрэлт, цоо шинэ мэдрэмжийг төрүүлсэн. Бороонд норж, цасанд даруулж, нар мандахыг үзэж, улирал бүрд үхэж, ахин шинээр төрнө гэдэг сайхан санагдсан. Нөгөө талаар би тухайн үед дотроо эмзэглэл тээж явсан болохоор энэ бодол орж ирсэн байж мэднэ. Гол нь өвс бидэн шиг нэгнээ гомдоож, элдэв үгсийг шидэлж, муухай зан араншин гаргахгүй гэхээр оршихуй нь гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Нөгөө талаар тэд бас ганцаарддаг, уйтгарладаг ч юм шиг... Дарма Батбаярын “Байгалийн гунигийг хуваалцах хэрэгтэй” гэсэн үг надад бас их нөлөөлсөн”
Гуниг, ганцаардал гэдэг энэ ертөнцийнх биш гэмээр сонин эд. Заримдаа гуниглах нь хүнийг илүүтэй хүнлэг болгож, эдгэрэл өгдөг ч байж мэдэх. Нөгөөтээгүүр байгаль хүртэл өөрийнхөө үзэмжээр гунигийг урладаг, тэр нь юу юунаас илүү бодит байдаг, түүнээс нь хуваалцаж байж л өвс ногоо, уул нурууд, ой хөвч, ан амьтдыг хайрлах жинхэнэ сэтгэлийг дотроо оршоодог ч юм шиг. Түүнийгээ сэрж, ухаарч чадсан учраас л Б.Тамир уран бүтээлч чанарт нь мөнхөд хань болох байгалийн гунигийг мэдэрч, хуваалцаж сурчээ.
Тэнгэр, газрыг цагаан цэцэгсээр мэтгэсэн мэт малгайлан буух цасан ширхгүүд. Агшин зуур унаж хайлах эсвээс ээрэм талын зүүдийг бүтээсэн цагаан хучлага үүсгэхдээ бус яг л хоосон агаарт жингүйдэн эргэлдэж байхдаа л үзэмж төгөлдөр харагдах үй түмэн цасны будраа. Энэ бол түүний хамгийн дуртай агшин. Мөн навчсын хөдөлгөөн, аливаа зүйлийг царцчихсан мэт дүр төрхөөс нь өөрчилж хөдөлгөөнд оруулдаг салхи, бидэр татуулан долгилох усан. Эдгээр цөм Б.Тамирын гэрэл зургийн гол сэдвүүд.
Агшны ийм зураглалууд, хэсэг хугацааны дараа хувьсах юмсын дотоод хөдөлгөөн рүү нэвтрэхэд Ошогийн бүтээлүүд, зэнгийн номууд түүнд тусалжээ. Учир нь зэн эхлээд өөрийгөө хоослох ёстой гэж сургадаг. Өөрт байгаа цөхрөлийг, хүнд ачаа болгон тээсэн асуудлуудаа гээж, дотогшоо улам шунгаж, өөртөө багтан хумигдаж байж л юмсын мөн чанарыг ойлгоно. Тэгснээр шинийг хийх тэмүүлэл төрнө. Салхи бүр өөр болохыг сэрж, Башёгийн хайкуд дурдагдах эртний цөөрөм рүү мэлхий үсрэхэд нам гүмийн дунд чимээлсэн усны цүлхийх дуутай эгшнийг тогтоон барьж авна. Магадгүй нам гүмийг хөндсөн ч угтаа зогсоосон байж мэдэх тийм агшин. Тэрээр үүнийг л камерын дуранд буулгахыг зорьдог.
НамурНэг л мэдэхэд зун шувтарч хэдхэн долоо хоногийн дотор модод улбар, алтлаг шар өнгийн гоёлоо зүүдэг. Нуурын ус захаасаа өрөмтөн хайлмагтаж, шувууд халуун дулаандаа буцна. Өвсний үзүүр нарны илч холдохын тоогоор шарлана. Богинохон хугацаанд маш олон зүйл хувьсан өөрчлөгддөг учраас Б.Тамир намарт дуртай. Тэр өөрөө намар төрсөн. Аав нь ч мөн өвсөн толгой бөхөлзүүлж, уяатай морины нуруунд цан бөнжигнүүлсэн эл улиралд хүний заяанд унажээ. Гэхдээ тэр хувьсан өөрчлөгдөх юмсыг харахаар догдлохын зэрэгцээ сэтгэлд нь гунихрал хуруулдаг болохоор намарт дуртай.
“Би бол намраас ургасан хүн. Төрсөн өдөр минь энэ өдөр тохиодог. Баярлахын шалтгаан байвч нас нэмэхийн үүдлийг санаж гуниглана. Харин намрын цагт байгаль бусад улирлаас илүүтэй уянгалаг, басхүү дүнсгэр төрхтэй болдог. Тэр л аниргүйн дунд байгалийг харж, чимээлж суух бол үнэхээр атаархмаар гоё зүйл. Энэ бүхнийг бусад маань мэдрээсэй, байгалиа хайрлаасай гэсэндээ би зураг авдаг ч тал бий. Бусад шиг лоозон бариад талбай дээр жагсах нь миний хэл биш. Би уран бүтээлээрээ асуудлыг хөндөж, хүмүүсийг мэдлэг, мэдээллээр хангаж, тэдэнд нөлөөлөх боломжтой. Хийж чадах зүйл минь тэр учраас шүү дээ”.
Аливаа зүйлс үргэлж өөрчлөгдөж хувьсах, хөдөлгөөнд орших, түүнийг нь тогтоон барьж авах мэдрэмжийг дотроо тэмтэрч явах нь эл уран бүтээлчийг тодорхойлж болох нэг чанар болов уу. Тиймээс ч хэтэрхий төгс зүйл гэж байдаггүй хэмээн санана. Хүн өөрөө хиймэл оюун ухаан биш учраас алддаг, мэдрэмж нь хүртэл сарнидаг. Тэрхүү алдаа, онооны дэнсэн дундуур туучиж байж л бүтээнэ. Магадгүй тэр хэтэрхий ширүүн хандсан шиг сонсогдож болох ч бүтээлүүдээ өөрийнх нь алдаанаас төрсөн гэж тодорхойлов. Ухаад үзвэл арга барил талаасаа сонирхол татна. Учир нь хүн бүрийн мэдрэмж, харах өнцөг өөр учраас тэр.
Өвс“Монголоос өөр цэнхэр тэнгэртэй улс үгүй гэж зарим нь яриад байдаг. Байлгүй яахав дээ. Нэг л том бөмбөрцөг шүү дээ. Швейцарын Белвалд хот руу 90 хоногийн хугацаатай “SMArt” хөтөлбөрийн хүрээнд явсан юм. Тэр хот Альпийн нурууны дунд хэсэгт оршдог. Би байж болох бүхий л жимээр нь явсан даа. Аль ч газрын болжмор адилхан л жиргэдэг гэдэг үнэн шүү. Байгалийг гэрлээр, орон зайгаар, агаараар зохиомжлон авч болно. Хамгийн гол нь эхлээд би хар, цагаанаар л зургаа хардаг болсон. Гэрэл, сүүдрийг илүүтэй чухалчилдаг гэсэн үг. Харин өнгө бол дараагийн асуудал. Швейцарт байх хугацаанд өөрийн гэсэн арга барилтай болж чадсан гэж боддог. Гэхдээ би одоо ч суралцсаар яваа”.
Ямар боловч түүний зургууд эргэлдэн унаж буй навчис, эрчлэн үлээх салхи, түүний аясаар хөдлөх өвс, бороонд норсон морьдын үсэнд татах хээ, орь ганцаар нисэх шувууны цөхрөл, модод эд эсээ сэрчигнүүлэн шуугих, энэ бүхний чимээ юм. Өөрөөр хэлбэл гарт нь буй дурангаас гарч байгаа, бодол сэтгэлдээ бясалган байж, тухайн үеийн мэдрэмжээ зөнгөөр нь сул орхисноос үүдсэн, хоосныг, зэнг анирдсан тийм чимээ. Тэр энэ бүхнийг аавынхаа хайранд, өдгөө өдгөө ч дэргэдээс нь санахын төдийд ургадаг аавынхаа тухай дурсамжуудад зориулжээ.
“Зургуудаа дэлгэцээр бус цаасаар хэвлэж байгаад хардаг. Би энэ үзэсгэлэнгээ гаргахаар зориглосныхоо хойно бараг 300 гаруй зураг хэвлэчихсэн, өрөөгөөрөө дүүрэн дэлгэж байгаад сонголтоо хийсэн. Тэр орой аавыгаа зүүдэлсэн. Аав минь миний зүүдэнд ховорхон ирдэг. Санаж буйгаар бол энэ зүүд анхных ч байх. Аав орж ирснээ, өрөө дүүрэн дэлгэсэн зургуудыг маань харсан. Тэгээд хоёр, гуравхан зургийг тэгшилж тавьснаа “Гоё зургууд” байна шүү гэж хэлээд л гараад явчихсан. Би уйлж сэрсэн дээ. Аав минь ч бас хүн л хойно яг над шиг уйтгарладаг, аливааг сэтгэлээ ханатал бүтээж чадахгүй байгаадаа эмзэглэдэг, нойргүйдэж, үүрээр сэрээд юм бодож суудаг байсан тухай сонсож байлаа. Тэр хүн өдгөө амьд сэрүүн байсан бол их л баярлах байсан даа гэж санадаг”.
Б.Тамир нэгэнтээ Расул Гамзатовын “Миний Дагестан” номыг уншиж суугаад “Чи хүний явсан мөрөөр явбал тэр хүний ард л очно. Өөрийн жимийг гарга” хэмээсэн мөрүүд дээр зогсозножээ. Тэрээр багадаа аавынхаа дагуулж явсан, өсвөр насандаа бусдын гаргасан жимээр явж суралцсан. Одоо бол өөрийн жимийг гаргаж буй уран бүтээлч. Байгалийг гоё, сайхан харагдуулах ойлголтоос илүүгээр үзэгдэл бүрийн өвдөлт, яруу сайхан, өнгө зохирол, сүүдэр гэрлийн дотоод дахь хамгийн нандин чанарыг эрэлхийлэх замдаа гарчихсан яваа. Тэр заримыг нь олсон ч байж мэднэ. Зүүд нь, мэдрэмж нь, яруу найраг түүнд огт харж байгаагүй зураглалуудыг нээж өгнө. Тэдгээрийгээ мөнхөд тэмтэрч явахад амьдрал ямагт утгатай.