
Сүүлийн долоо хоногуудад ОХУ-ын баллистик пуужингийн довтолгоо эрс нэмэгдэж, ялангуяа Украины нийслэл Киев хот хүнд цохилтод өртөж байна. Москва Украины Patriot сөнөөгч пуужингийн нөөцөө ашиглаад бараг дуусаж байгаа аж.
Зеленськийн хэлснээр, АНУ-ын одоогийн Patriot сөнөөгч пуужингийн нөөцийн 10 хувь нь Украинд байхад Оросын бүх баллистик пуужингийн довтолгоог зогсоох боломжтой бол таван хувь нь Украины өвлийг давахад хангалттай гэнэ.
“Энэ жил бид 2025 онд байснаас хоёр дахин цөөн сөнөөгч пуужинтай дайтлаа. Харин Орос сар бүр өмнөхөөсөө хоёр дахин олон баллистик пуужинтай болсон” гэж Зеленський хэлжээ.
НҮБ-ын мэдээлснээр, долдугаар сар нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Украины хамгийн олон энгийн иргэд амь үрэгдсэн сар болжээ.
Зеленський “Хэрэв АНУ бидэнд сөнөөгч пуужингийнхаа 5 хувийг зарвал бид өвлийг давж, хүмүүсийн амь насыг аварна. Хэрэв 10 хувийг зарвал Оросын бүх баллистик пуужинг устгана. Харамсалтай нь надад одоогоор 1 хувь л байна” гэв.
Patriot пуужингийн дэлхийн хомсдол
Эдгээр пуужин дэлхий даяар хомсдоход АНУ-ын Ирантай хийж буй дайн голлон нөлөөлж байна. АНУ болон Персийн булангийн орнууд Ираны пуужин болон хямд өртөгтэй дроны довтолгоог таслан зогсоохын тулд олон арван Patriot сөнөөгч пуужин ашигласан байна.
Үүний улмаас үүссэн хомсдол Украинд хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа бөгөөд зарим шөнө Украины хотууд Москвагийн пуужингийн довтолгооны өмнө бараг хамгаалалтгүй мэт байх болсон гэж CNN мэдээлжээ.
Зеленський өдөр бүр илүү олон сөнөөгч пуужин авахын тулд өөрийн биеэр ямар хүчин чармайлт гаргаж байгаагаа дэлгэсэн ч зарим тохиролцоог нууцлахыг илүүд үздэг гэдгээ хэлжээ.
“1 хувиас 5 хувь руу хүршэх гэдэг л миний өдөр бүр зорьж амьдарч байгаа зүйл. Надад хэдэн сар байна, сая сая утасны дуудлага хийж байна... Би ямар нэг зүйлийг пуужингаар солихыг хичээдэг. Би хийдэг зүйлсийнхээ заримыг ил ярьж, бусадтай хуваалцаж чадахгүй. Хууль бус зүйл хийсэн гэсэн үг биш. Гэхдээ л ярьж болохгүй зүйлс гэж бий” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд өөрийн Patriot сөнөөгч пуужин үйлдвэрлэх боломж олгох тухай өмнө нь мэдэгдсэн боловч энэ төлөвлөгөө хэрхэн хэрэгжих нь одоо ч тодорхойгүй байгаа талаар Зеленський ам нээлээ.
Трамп НАТО-гийн Анкарагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд эдгээр нарийн төвөгтэй сөнөөгч пуужинг өөрсдөө үйлдвэрлэх лиценз олгохыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн ч хэдхэн хоногийн дараа энэ санааг дэмжих эсэхдээ эргэлзэж байгаагаа хэлсэн.
Patriot систем үйлдвэрлэгч компаниудын төлөөлөгчид уг санааг хэлэлцэхээр Киевт очсон ч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Зеленський Цагаан ордон руу шууд утасдах, мессеж илгээхээс гадна холбоотнуудаараа дамжуулан Patriot-ын тусламжийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа аж. Гэхдээ Трампын засаг захиргаатай хийсэн сүүлийн харилцааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Тэрээр саяхан АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Ванстэй утсаар ярьснаа баталсан. Харин Ванс Украиныг Хар тэнгис дэх Оросын нефтийн боомт руу хийж буй довтолгоогоо зогсоохыг хүссэн эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Уг довтолгоонууд АНУ-ын компаниудад хохирол учруулж, дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар Financial Times мэдээлсэн байна.
Украин–Оросын энхийн хэлэлцээ
Киев мөн Трампын тэргүүлж буй энхийн үйл явцын хүрээнд шинэ саналууд дэвшүүлжээ. Гэвч сүүлийн саруудад уг үйл явц бараг зогсонги байдалд орсон байна.
Зеленський шинэ саналуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Энхийн төлөвлөгөөнд Америкийн тал илүү их оролцох хэрэгтэй. Үргэлжлүүлэхийг хүсэж байгаа Ерөнхийлөгч Трампын багт би талархаж байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоо энэ дайныг зогсоохыг хүсэхгүй байна. Түүнд үзүүлж буй дарамт хангалтгүй байгаа бололтой” гэжээ.
Мөн Путины шаардсан Донбассын үлдсэн нутаг дэвсгэрийг Украин буулт болгон өгөх ёстой гэсэн санааг Зеленський няцаалаа. Түүний хэлснээр, аюулгүй байдлын баталгаа Киевийн хувьд гол асуудал хэвээр байгаа аж.
“Орос энэ дайны тухай ярьж эхлэхдээ нутаг дэвсгэрийн талаар ярьдаг. Гол асуулт нь тэр дахин ирэхгүй гэж үү? Томоохон завсарлага авсны дараа дахин нэг, хоёр сая цэрэг илгээхгүй гэж үү? Яагаад ч дахин ирж биднийг эзлэхгүй гэж үү?” гэж Зеленський хэлжээ.
Зеленский мөн Путины дайн НАТО-гийн эсрэг өргөжиж болзошгүй гэсэн барууны зарим үнэлгээтэй санал нийлж байгаагаа хэлсэн байна. Тухайлбал, Орос НАТО-гийн Балтын тэнгисийн бүсийн жижиг орнууд руу довтолж болзошгүй гэж үзжээ.
“Тэр энэ дайныг томоохон эзлэн түрэмгийлэл эсвэл өөрийн нийгэмд харуулах том ялалтгүйгээр хэрхэн дуусгахаа мэдэхгүй байна. Түүний хувьд ямар нэгэн жижиг улсыг сонгох нь илүү хялбар... Түүний хувьд тэр улс НАТО-д байдаг эсэх нь чухал биш байж болно. Тэр хурдан ялалт байгуулж, 100 хувь ялна гэдэгтээ итгэлтэй байхыг, эзлэх эсвэл устгах, эсвэл хяналтдаа авахыг хүсэж байна” гэж Зеленський мэдэгджээ