
Хиймэл оюун ухааны (AI) хэрэгслүүд ажилчдын дунд оюун ухааны ядаргаа болон "тархи хатаах" (brain fry) феномен үүсгэж байгааг шинээр гаргасан судалгааны үр дүн харуулжээ. Феномен гэдэг нь ерөнхийдөө хүмүүс ажиглаж болох, анзаарагдахуйц онцгой үзэгдэл эсвэл илрэл гэсэн утгатай ойлголт бөгөөд философи, шинжлэх ухааны салбаруудад өргөн хэрэглэгддэг.
Harvard Business Review-ийн судлаачид АНУ-д 1500 гаруй ажилтан дээр салбар бүрт нь судалгаа хийж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдүүлэх, гүйцэтгэл сайжруулахын тулд AI ашиглаж буй хүмүүсийн дунд сөрөг хандлага илэрч байгааг тогтоожээ.
Судлаачид “AI агентуудыг нягт хянах явцад үүссэн оюун ухааны ядаргаа ул мөр үлдэж байгааг” ажигласан бөгөөд үүний үр дүнд ажилдаа төвлөрөх чадвар нь ихээхэн буурсан байна.
Тэд “тархи хатаах” гэсэн нэр томъёог “AI хэрэгслүүдийг хэт их ашиглах буюу хянах явцаас үүдсэн оюун ухааны ядаргааг” илэрхийлэхэд ашигласан байна.
Судалгаанд оролцогчид толгой өвдөх, шийдвэр гаргах хурд удаашрах, бүрхэг мэдрэмж төрөх шинж тэмдгүүдийг мэдэрсэн гэдгээ илэрхийлжээ. Зарим нь үүнийг “хэтрүүлсэн хордлого” мэт гэж тайлбарласан бөгөөд AI хэрэгслүүдтэй тасралтгүй харилцсанаас үүдсэн гэнэ.
Судалгаанд оролцсон ахлах инженерүүдийн нэг нь “Хурдан ажиллахын оронд миний тархи улам л бөөгнөрч эхэлсэн. Тархи дотор минь арван хэдэн хөтөчийн таб нээгдээд бүгд анхаарал хүсэж байгаа юм шиг… Миний бодол эвдрээгүй, зүгээр л дуу чимээ ихтэй болсон. Эцсийн эцэст би AI хэрэгслүүдийг удирдахын тулд илүү их ажиллаж байгаа нь бодит асуудлыг шийдэхээс илүү хүнд нөхцөлд оруулж байсан” гэжээ.
Тархи хатаах феномен хамгийн ихээр маркетингийн салбарт ажиглагдсан бөгөөд оролцогчдын дөрөвний нэгээс илүү хувь нь үүнийг мэдэрсэн байна. Хүний нөөц (HR), санхүү, программ хангамжийн хөгжүүлэлтийн салбарын ажилтнуудад уг феномен мөн ихээр ажиглагдсан байна.
Судлаачид AI-тэй холбоотой “тархи хатаах” үзэгдэл нь ажил дээрх том болон жижиг алдааны давтамжтай холбоотой болохыг тогтоожээ.
“AI-г ажил дээр ашиглаж буй оролцогчдын “тархи нь хатаж” буй хүмүүсийн хувьд жижиг алдаа 11 хувь, том алдаа 39 хувиар бусдаасаа их гаргасан” талаар судлаачид онцолсон байна. “Энэ нь сэтгэл хөдлөлд суурилсан стресс буюу ажлаас халшрах хам шинжийг оюун ухааны хурц ачааллаас ялгах ялгааг бататгаж байна” гэжээ.