
Германы нэрт зохиолч Михаэль Энде 1929 оны энэ өдөр Бавари мужийн Гармиш-Партенкирхен хотод төржээ. Тэрээр хүүхдийн болон насанд хүрэгчдийн уран зохиолд үлгэр, хийсвэрлэл, философи сэтгэлгээг өвөрмөцөөр хослуулж, бодит амьдралын ээдрээтэй асуудлыг ид шидийн ертөнц, гайхамшигт дүрүүдээр дамжуулан өгүүлдэг байв. Түүний бүтээлүүдэд цаг хугацаа, эрх чөлөө, нөхөрлөл, хүний мөн чанар, төсөөлөн бодох чадвар зэрэг сэдэв гол байр суурь эзэлдэг. Эндегийн зохиолууд дэлхийн олон хэлээр орчуулагдаж, хэд хэдэн бүтээл нь кино дэлгэц болоод театрын тайзнаа амилсан юм.
JIM BUTTON AND LUKE THE ENGINE DRIVER
1960 онд хэвлэгдсэн “Jim Button and Luke the Engine Driver” нь Михаэль Эндед амжилт авчирсан анхны романуудын нэг бөгөөд Германы хүүхдийн уран зохиолын сонгодог бүтээлд тооцогддог. Зохиолын үйл явдал Луммерланд хэмээх бяцхан аралд өрнөнө. Нэгэн өдөр шуудангийн хөлөг онгоцоор нялх хүүхэд бүхий нууцлаг илгээмж ирэх бөгөөд түүнийг Жим хэмээн нэрлэж, арал дээр өсгөдөг. Жим томрох тусам аралд багтах зайгүй болно гэж үзсэн хаан Альфонс түүнийг явуулах шийдвэр гаргахад Жим найз Лука болон түүний уурын галт тэрэг Эммагийн хамт алс холын аялалд гарна.
Тэдний аялал тунгалаг мод, судалтай уулс, аварга биетнүүд, луу зэрэг гайхамшигт дүр, үзэгдлээр дүүрэн ертөнцөөр үргэлжилнэ. Аяллын явцад Жим өөрийн гарал үүслийн нууцыг тайлж, хулгайлагдсан үзэсгэлэнт гүнж Ли Сиг чөлөөлөхөд хүрдэг. Энде уг бүтээлээрээ нөхөрлөл, эр зориг, өөрийн мөн чанарыг танин мэдэх эрэл хайгуулыг хүүхдийн төсөөлөлд нийцсэн адал явдалт хэлбэрээр өгүүлжээ.
MOMO
1973 онд хэвлэгдсэн “Momo” роман нь Эндегийн дэлхий даяар хамгийн их танигдсан бүтээлүүдийн нэг. Зохиолын гол дүр Момо хэмээх охин том хотын захад орших хуучин амфи театрын тууринд амьдардаг. Тэрээр эд хөрөнгө, тансаг хэрэглээгүй ч бусдыг анхааралтай сонсож, хүн бүрд өөрийнхөө тухай ярьж, сэтгэлээ уудлах боломж олгодог ер бусын чадвартай. Гэвч нэгэн өдөр хүмүүсийн амьдралын хамгийн үнэт зүйл болох цаг хугацааг хулгайлдаг саарал ноёд хотод гарч ирснээр хүмүүсийн аж төрөхүй аажмаар өөрчлөгдөж эхэлнэ.
Саарал ноёдын нөлөөгөөр хүмүүс цаг хэмнэх нэрээр амьдралынхаа энгийн баяр баясгалан, нөхөрлөл, хайр халамж, бие биедээ зориулах мөчүүдээ алдаж эхэлдэг. Харин Момо яст мэлхий Кассиеопея болон Цагийн эзэн Мастер Хорагийн тусламжтайгаар тэдний эсрэг тэмцэнэ. Энде тус зохиолоороо цаг хугацааг зөвхөн хэмнэж, хуримтлуулж болох зүйл мэт үздэг орчин үеийн нийгмийн хандлагыг шүүмжилж, хүний амьдралын үнэ цэн цагийн тоонд бус, түүнийг хэрхэн мэдэрч, хэнтэй хуваалцаж байгаад оршдог тухай өгүүлжээ.
THE NEVERENDING STORY
“The Neverending Story” роман нь Михаэль Эндег туйлын их алдаршуулсан бүтээл. Зохиолын гол дүр Бастиан Балтазар Букс хэмээх ганцаардмал хүү нэгэн номын дэлгүүрээс “Төгсгөлгүй түүх” нэртэй нууцлаг ном олж уншиж эхэлнэ. Тус номын дотор "Фантазия" хэмээх гайхамшигт ертөнц сүйрлийн ирмэгт тулж, хатан хааныг аврахын тулд Атрейю хэмээх хүү аюултай аялалд гардаг. Бастиан эхэндээ энэ бүхнийг зөвхөн номын үйл явдал хэмээн боддог ч удалгүй өөрөө тус ертөнцийн нэг хэсэг болсноо ойлгоно.
Фантазиягийн ертөнцөд “Хүссэнээ хий” гэх бичигтэй шидэт медальон Бастианд хязгааргүй боломж олгох боловч хүсэл бүрийнхээ цаана өөрийн дурсамж, мөн чанараа алдах аюул нуугдаж байгааг тэр аажмаар ухаарна. Зохиолч эл бүтээлээрээ төсөөлөн бодох чадвар, шуналын аюул, өөрийгөө танин мэдэх, эрх мэдэл ба хариуцлагын тухай гүнзгий асуудлыг хөнджээ.
THE MIRROR IN THE MIRROR
“The Mirror in the Mirror: A Labyrinth” Эндегийн бусад үлгэрчилсэн романаас хэлбэр, өгүүлэмжийн хувьд эрс ялгаатай . Уг ном нь уламжлалт утгаараа нэгэн үйл явдлыг эхлэлээс төгсгөл хүртэл хүүрнэх бус, хоорондоо далд холбоо бүхий сюрреалист богино өгүүлэмж, зүүд мэт дүрслэл, философи эргэцүүллүүдээс бүрджээ. Нэгэн өрөөнд бороо орж буй анги танхим, тэнгэрийн уудамд гулгах мөсөн тэшүүрчин, шатаж буй цирк, нууцлаг аялалд гарах аялагч зэрэг ер бусын дүр зураг уншигчийг бодит ба төсөөллийн зааг дээр аваачдаг.
Энде уг номдоо эцэг, зураач Эдгар Эндегийн уран бүтээл, сюрреалист дүрслэлийн ертөнцөөс санаа авч, түүний зургуудаас хар, цагаан хуулбаруудыг бүтээлдээ оруулсан байна. Зохиолч номыг уншигч өөрийн туршлага, бодол, төсөөллөөрөө дахин бүтээдэг учраас нэг номыг хоёр хүн яг ижилхэн уншдаггүй гэх санааг дэвшүүлсэн аж. Тиймээс “Толь доторх толь” нь зөвхөн үлгэр, өгүүллэгийн түүвэр бус, хүний дотоод ертөнц, бодит байдлын мөн чанар, урлаг ба төсөөллийн харилцааг эргэцүүлэх уран зохиолын өвөрмөц лабиринт юм.
THE NIGHT OF WISHES
“The Night of Wishes” роман нь Эндегийн сүүл үеийн уран бүтээлийн нэг бөгөөд адал явдал, хошин өнгө аяс, нийгмийн шүүмжлэлийг хослуулсан үлгэрчилсэн зохиол билээ. Шинэ жилийн үдэш ид шидтэн Беэлзебуб Ирвицер болон түүний авга эгч, шулам Тиранья Вампель нар муу үйл хийхээр хүлээсэн үүргээ биелүүлж амжаагүйгээ ойлгоно. Хэрэв тэд зорилгоо биелүүлж чадахгүй бол өөрсдийг нь ивээн тэтгэгч эзэн шийтгэх аюултай тул бүхнийг амжуулахын тулд “Хүслийн ундаа” хэмээх хүчирхэг шидэт ханд бэлтгэхээр шийддэг.
Гэвч тэдний төлөвлөгөөг хар хэрээ Якоб, муур Маурицио хоёр олж мэдсэнээр үйл явдал цааш өрнөнө. Хорон санаатнууд гол мөрнийг хордуулах, өвчин тахал тараах, уур амьсгалыг өөрчлөх зэрэг сүйрлийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр завдах бөгөөд амьтад шинэ он гарахаас өмнө тэднийг зогсоохын тулд тэмцэх хэрэгтэй болно.