
Умард Солонгос түүхэндээ хамгийн томд тооцогдох 5000 тоннын жинтэй сөнөөгч хөлгөө албан ёсоор ашиглалтад орууллаа. Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хөлөг нь хямралын үед Пёньяны өрсөлдөгч орнуудын анхааралдаа авах ёстой шинэ хүчин зүйл болж байна.
Баруун эргийн Нампо усан онгоцны үйлдвэрт болсон ёслолын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэхүү хөлгийг ашиглалтад оруулсан нь тус улсын цэргийн түүхийн шинэ бүлгийг эхлүүлж байна гэж мэдэгдэв. Тэрээр тэнгисийн цэрэг нь “70 гаруй жилийн зогсонги байдлаа эцэслэлээ” гэдгийг онцолсон байна.
Ким Жон Ун “Манай зэвсэгт хүчний салбаруудаас тэнгисийн цэрэг хамгийн сул нь байсан. Харин одоо нөхцөл байдал илт өөрчлөгдсөн. Манай тэнгисийн цэргийн байлдааны чадавх төсөөллөөс давсан түвшинд хүрнэ” гэж мэдэгдэв.
Умард Солонгосын тэнгисийн цэрэг олон жилийн турш Өмнөд Солонгос болон АНУ-ын орчин үеийн байлдааны хөлөг, шумбагч онгоц бүхий хүчирхэг флотын сүүдэрт байсан юм.
“Чой Хён” хөлөг
Шинээр ашиглалтад орсон Чой Хён нэртэй сөнөөгч хөлөг нь усан онгоцны эсрэг, газрын байг устгах пуужингуудаар зэвсэглэсэн байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ одоогоор энэ талаар батлагдсан мэдээлэл байхгүй аж.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын шинжилгээний хүрээлэнгийн судлаач Ю Жи Хүн “Умард Солонгос өмнө нь шумбагч онгоц, түргэн довтолгооны завь, эргийн их буу, тэнгисийн мина, тусгай хүчний ажиллагаанд түшиглэсэн эргийн хамгаалалтын бүтэцтэй байсан бол одоо цөмийн болон пуужингийн сүрдүүлгээ далайн орчинд өргөжүүлэх чиглэл рүү шилжиж байна” гэжээ.
Ким Жон Ун “Чой Хён” бол орчин үеийн Умард Солонгосын флотын анхны хөлөг, бид удахгүй үүнээс ч том усан цэргийн хөлгүүдтэй болно гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр тэнгисийн цэргийн хүчээ өргөжүүлэх ажил амаргүй байсныг дурдаж, 2025 оны тавдугаар сард усанд тавих үеэр хөмөрсөн ижил ангиллын Кан Кон хөлгийн тухай шууд бусаар иш татжээ.
Тэрээр усан онгоцны үйлдвэрүүд жил бүр хоёр шинэ гадаргын байлдааны хөлөг үйлдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд үүнд “Чой Хён”-оос хоёр дахин том крейсерүүд багтаж байна.
Ким Жон Ун шинэ хөлгийг дотоодын үйлдвэрлэлийн үр дүн гэж онцолсон ч Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Лейф-Эрик Исли ийм хурдтайгаар хөлөг онгоц үйлдвэрлэж байгаа нь Оросоос материаллаг болон технологийн томоохон дэмжлэг авч байж болзошгүйг харуулж байна гэж үзжээ.
Умард Солонгос нь Оросын Украин дахь дайнд дэмжлэг үзүүлэх зорилгоор цэрэг, зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээлэл олон улсын хэмжээнд гарсаар байгаа юм.
Шинжээчид Умард болон Өмнөд Солонгос АНУ-ын олон арван орчин үеийн сөнөөгч хөлөг бүхий флоттой эн зэрэгцэхэд хол байгаа гэж үзэж байна.
АНУ-ын Номхон далайн командлалын хамтарсан тагнуулын төвийн захирал асан Карл Шустер “Чой Хён нь Өмнөд Солонгост шууд шинэ аюул учруулж байна гэж би бодохгүй байна. Дайны үед амьд үлдэх чадвар нь хязгаарлагдмал” гэж дүгнэжээ.
Гэхдээ тэрээр уг хөлгийг цэргийн ажиллагааны төлөвлөлтөд зайлшгүй тооцох шаардлагатай гэжээ. Түүний үзэж байгаагаар энэхүү хөлөг ашиглалтад орсноор АНУ, Япон, Өмнөд Солонгос Умард Солонгосын тэнгисийн цэргийн үйл ажиллагаанд тавих хяналт, тандалтаа өргөжүүлэх шаардлагатай болж магадгүй аж.
Мөн 5000 тоннын багтаамжтай, жинхэнэ далай тэнгист ажиллагаа явуулах чадвартай Умард Солонгосын анхны байлдааны хөлөг болсон нь НҮБ-ын зэвсгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шинэ сорилт үүсгэж болзошгүй юм.
Өмнөд Солонгосын шинжээч Ю Жи Хүн “Бүрэн орчин үеийн сөнөөгч хөлгийн түвшинд хүрээгүй байсан ч хэрэв пуужин харвах платформ эсвэл хямралыг хурцатгах хэрэгсэл болгон ашиглавал Өмнөд Солонгосын аюулгүй байдалд бодит дарамт учруулж чадна” гэдгийг анхааруулжээ.