Непалын Засгийн газар нийгмийн сүлжээний платформуудыг хаах шийдвэрээ цуцалснаа мэдэгдлээ. Засгийн газрын төлөөлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Притхви Субба Гурунг “Бид нийгмийн сүлжээг хаах шийдвэрээ эргүүлэн татлаа. Одоо платформууд хэвийн ажиллаж байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр төрөөс олон нийтийн сүлжээг хаасан нь эсэргүүцлийг улам дэврээж, өнгөрсөн даваа гарагт Катманду хотод болсон жагсаал эмх замбараагүй байдалд хүрчээ.
Эрх баригчдын мэдээлснээр, “Gen Z” нэртэй хөдөлгөөний удирдсан уг жагсаалын үеэр хүчирхийлэл гарч, 19 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн зарим эх сурвалжид цагдаа нар жагсагчид руу гал нээсэн талаар дурджээ.
Жагсаалд оролцогч Нараян Аяарья “Бидний залуус, найзууд алуулж байна. Тиймээс бид шударга ёсыг шаардаж, энэ дэглэмийг унагахын төлөө энд ирсэн. К.П.Олиг огцруулах ёстой” хэмээн парламентын байрны дэргэдэх эвдэрхий ханы дэргэд зогсож байхдаа хэлжээ.