
Монголын уран бүтээлчид болон БНСУ-ын "Komust" медиа арт баг, БНХАУ-ын уран бүтээлчийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй "Now Art 2026" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг толилуулна.
Тус үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу долоодугаар сарын 1-ний өдөр МУЭ-ийн арт галерейд болох юм.
Уг үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчид болох "Шинэ Өглөө" уран бүтээлчдийн нэгдлийн санаачилга, зохион байгуулалтаар хэрэгжиж буй бөгөөд улс орнуудын уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагаа, соёлын харилцан ойлголцол, орчин үеийн дүрслэх урлагийн олон талт илэрхийллийг нэгэн орон зайд нэгтгэхийг зорьж байгаа аж.
Мөн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагийн нийгэмд хүний дотоод ертөнц, оршихуйн мөн чанар, байгальтай харилцах харилцаа, технологийн хөгжил, уламжлал ба шинэчлэлийн огтлолцлыг уран бүтээлээр дамжуулан шинээр эргэцүүлэхэд чиглэсэн байна.
Монгол зураг, уран зураг, медиа арт, видео арт, уран баримал зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүд нь "одоо" хэмээх цаг хугацааг өөр өөрийн харах өнцөг, уран сайхны хэлээр тайлбарлаж, үзэгч бүрийг өөрийн дотоод цаг хугацаатай уулзах боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.